Монголын анхны ДОХ-той залуу амиа хорлож нас барсан

Наяад оноос дэлхий дахинд эрчимтэй тархаж эхэлсэн AIDS буюу ДОХ-ын талаар монголчууд саяхныг хүртэл тодорхой ойлголтгүй байсан. ДОХ өвчтэй хүн өвчлөнгүүтээ шууд үхдэг, ийм өвчтэй хүнтэй гар барих, нэг гэрт хамт амьдрах тохиолдолд өвчин нь тархдаг гэх мэтээр буруу зөрүү ойлгож ирсэн. Энэ л буруу ойлголтоос болж монголчуудаас анх удаа ДОХ өвчний халдвар тээгч залуу 1989 онд Эрхүү хотод амиа хорлож байсан баримтыг хүргэе. Насан-Өлзий 1987 онд арван жилийн сургуулиа дүүргэж, сурлагаар тэргүүлэгчдийн нэг байсан учраас гадаадын хуваарийг нь хэн нэгэн даргын хүүхэд булаачихсан учир ямар ч байсан гадаадад сурна гэсэн зорилгодоо хүрч, дотроо голонгуй байсан ч Эрхүүгийн их сургуулийн химийн инженерийн ангид элсэн оржээ. Эхний жил хэлний бэлтгэл учир Монгол төдийгүй бусад орнуудаас ирсэн оюутнууд ч хичээнгүйлэн суралцах ёстой байлаа. Хэлний бэлтгэл хэр сайн байхаас шалтгаалж, дараа жил Москва, Ленинградадхувиарлагдах боломжтой. Иймд тэрбээр бусдын л адил хэлний бэлтгэлддээ хэнээс ч дор орохгүйгээр суралцжээ. Гэвч нэг жилийн дараа түүний бодол өөрчлөгдөж, Эрхүү хот нь бүхнээс сайхан санагдсан тул өөр хотод шилжин суралцахас татгалзжээ. Ингээд намар болж, оюутнууд хичээлдээ цугларахад тэдний ангид Африкийн орнуудаас тас хар хэдэн негр оюутан ирсэн байлаа. Зүг зүгийн газрын өнгө өнгийн залуустай хамт суралцах болсон Насан-Өлзийгийн хувьд хөгжилтэй сайхан байсан нь мэдээж. Эхний жилээ бүрэг ичимхий явсан тэрбээр хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа хал цэрэг шиг яриа хөөрөө задгайрч стиль, имиж нь хүртэл өөрчлөгдөв. Хилэн өмд моодонд ороход хамгийн түрүүнд л тэрбээр авч өмсөв. Яг түүнийг сурч байх үеэр Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж, стипенд өгөхөө больсон учир гадаад оюутны зарим нь нутаг орон луугаа буцаж байсан ч сэргэлэн нь дэндсэн монгол оюутнууд амралтынхаа өдрөөр наймаа хийж, амиа хоохойлон амьдарч эхлэв.

Тарваганы арьсны ачаар монгол оюутнууд ганган дэгжин нь хэтэрсэн, гархи ээмэг нь дэндсэн залуус болов. Насан-Өлзий залуу хүний жамаар орос охинтой хоёр жил үерхэж байгаа ч сүүлийн үед түүний ангид ирсэн африк охин Захара ихээхэн таалагджээ. Захара бол бусад африк охиноо бодвол арьс нь өнгөлөг бор, уруул ам нь зузаан даравгар биш, бие гэж зорсон юм шиг л сайхан амьтан байж. Дээр нь орос хэлээр ус цас шиг ярих учир тэр хоёрт ойлголцохгүйн зовлон байсангүй. Насан-Өлзий Захарад хөл алдаж улмаар орос охин Светагаа орхижээ. Бэлэг сэлтээр Захараг дайлснаар нэг л өдөр тэд учирч уулзах болсноос хойш байнга л хамтдаа байх болжээ. Бүтэн нэг жил яах ийхийн зуурдгүй өнгөрч, тэд зуны амралтаараа нутаг орноо зорьжээ. Намар болж, оюутнууд дуу шуутай уулзахад Захара ирсэнгүй. Тэр үед одоотой адил интернет, гар утас гэж байсан биш. Дурлалт залуу дэмий л хоног өдөр тоолон хүлээсээр. Сарын дараа аз болж, Захарагаас захидал хүлээн авсан ч тэр захидлыг авсан шигээ Насан-Өлзийд баяр баясгалан авчирсангүй. Негр бүсгүй захидалдаа “Миний бие маш муу, өндөр хэмээр халуурч байгаа тул сургуульдаа, чамдаа очиж чадсангүй. Үхэл маань тун ойрхон ирсэн. Би AIDS туссан” гэж зүрх зүссэн үг бичсэн байв.

ДОХ өвчнийг тусах байтугай энэ талаар ямар ч мэдээлэл байсангүй. Зөвхөн Камерун бүсгүйг эдгээд ирээсэй хэмээн битүүхэн бурханд залбирч суув. Гэтэл хэдэн сарын дараа Насан-Өлзийгийн биеэр тууралт гарч, бие нь илт тамирдаж, тууралт нь маш удаан эдгэж эхлэв. Ингээд тэрбээр Эрхүүгийн нэгдсэн эмнэлэгт шинжилгээнд хамрагдаад өөрийгөө ДОХ туссаныг мэджээ. Гагцхүү бэлгийн замаар халдварладаг өвчин болохыг залуу мэдээд гүн шооконд орсон байна. Удалгүй Эрхүүгийн консул /Тэр үед ЭМ-ийн сайд асан С.Ламбаа байсан/ ДОХ туссан залууг дуудан сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх нь бүү хэл, баахан загнаад явуулсан гэдэг. Тус хотод их дээд сургууль, техниккумд сурдаг монгол оюутнуудыг тусад нь цуглуулаад Насан-Өлзийгийн спид гэх айхтар өвчин туссан тухай мэдэгдэж, олны шившиг болгосон аж. Залуу маш их сэтгэлээр унаж, дэлгүүрээс хэдхэн шил архи аваад дотуур байрандаа иржээ. ДОХ өвчнөө ялахыг хүсээгүй тэрбээр суурин дээрээ 2 шил архи ууж зориг оров. Үүнийхээ дараа урт уяаг хувцасны том шүүгээнийхээ нэг талаас чангахан уяад нөгөө талын үзүүрт нь өөрийнхөө хоолойг уяад хоолойгоо боомилон нас барсан байдаг. Хэдэн цагийн дараа ДОХ туссан Монгол залууг дотуур байрныхан мэдсэн бөгөөд энэ тухай тас нууцлан ерэн онтой золгожээ.

Тэмдэглэсэн: А.Ишцэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ