Дэлхийн бүх тоон мэдээлэл нэг л хүний тархины багтаамжтай тэнцдэг

Хэрвээ дэлхий дээрх бүх тоон мэдээллийг компакт дискэнд хуулан давхарлан өрвөл Дэлхийгээс Сар хүртэлх зайтай тэнцэхүйц өндөртэй болно.

Дэлхийн технологийн бүх дэд бүтэц 2007 онд л 295 орчим экзабайт мэдээлэлтэй байсныг шинэ судалгаа харуулж байна. Энэ нь мэдээллийн дийлэнх хэсэг тоон хэлбэрээр хадгалагдаж байна гэсэн үг.

Martin Hilbert, Priscila Lоpezнар урт удаан хугацааны турш мэдээлэл хадгалах боловсруулах арга ажиллагаа хэрхэн өөрчлөгдөн хувьсаж ирснийг судалжээ. Тэдний судалгааны зарим дүн угаасаа тодорхой байсан бол зарим нь итгэхийн аргагүй, цочирдмоор аж.

Тодорхой нь гэвэл өнгөрсөн хугацаанд интернет, харилцаа холбоо болон утасны сүлжээ хэдэн арав дахин, жилд дунджаар 28 хувь нэмэгджээ. Гэвч хамгийн гайхалтай нь 2000 онд бүх мэдээллийн 75 хувь нь дүрс бичлэг хэлбэрээр аналог байдлаар хадгалагдаж байсан бол 2007 оноос дэлхийн бүх мэдээллийн 94 хувь нь тоон системд шилжиж, тоон мэдээллийн эрин үе эхэлснийг зарлаад байна.

Судалгаанаас харахад 2007 он гэхэд дэлхийн бүх компьютер нийлээд нэг секундэд 6.4 x 10^18 хэмжээний бүтээмжтэй даалгавар гүйцэтгэж чадаж байна. Ийм ажлыг гараар тооны машин дээр хийвэл Их тэсрэлтээс хойшхи хугацааг 2200 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй дүйхүйц хугацаа шаардана.

Судалгаанаас харахад эхлэлийн цэг болгон авсан 1986 онд дэлхийн бүх тооцооны 41 хувийг жирийн тооны машинаар хийдэг байж. Гэтэл 2000 он гэхэд 86 хувийг персонал компьютерээр хийж байв.

Харин 2007 он гэхэд нийт тооцооллын 25 хувийг тоглоом тоглоход зориулсан приставкаар хийдэг болжээ. Одоо ийм тоглоомын компьютерүүд дэлхийн бүх суперкомпьютерийг нийлүүлснээс нэг сая дахин их хүчин чадалтай болоод байна.

Дэлхийн нийт тооцоололд эзлэх хувиагар утас, смартфонууд улам бүр нэмсээр байна. 2007 онд энэ хувь 6 орчим хувь байжээ. Мөн онд iPhone бий болж, дараа жилээс эхлэн хүссэн хүн бүр худалдан авах боломжтой болсноор ийнхүү эзлэх хувь нь эрс нэмэгдэж эхэлсэн гэж хэлж болно.

Судлаачид нэр бүхий мянга гаруй эх сурвалжид түшиглэн жирийн цааснаас эхлээд blu-ray диск хүртэлх бүх мэдээлэл тээгчдийг нийтэд нь 60 ангилжээ.

Өнөөдөр манай гариг нийтдээ 295 их наяд мегабайт мэдээлэл хадгалж чадахаар байгаа нь хэдийгээр их тоо мэт харагдавч энэ нь насанд хүрсэн нэг хүний ДНК, генийн мэдээллийн санд буй мэдээллээс бага гэж тэд нотолж байгаа юм.

Дэлхийн бүх компьютер өнөөдөр секундэд 6.5 их наяд удирдамжийг биелүүлж чадах ч энэ нь судлаачдын үзэж буйгаар бол “Хүний тархины эд эсүүдийн нэг секундэд лугших, идэвхжих тоотой ойролцоо үзүүлэлт” аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ