Г.Батбаяр: Г.Сарангэрэлийн ялыг хэвээр үлдээнэ гэдгийг мэдэж байсан

Хар тамхи хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод байсан Г.Сарангэрэлийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. Шүүхээс Г.Сарангэрэлийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэж, анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж Г.Сарангэрэлд оноосон 1.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.
Давж заалдах шатны шүүх хуралд Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Батбаяр цагаатгах, харин өмгөөлөгч Баасандорж хэргийг нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай оролцжээ. Шүүх хурал гурван цаг гаруй хэлэлцсэний эцэст Г.Сарангэрэлд оноосон хорих ялыг хэвээрүлдээсэн байна.
Шүүх хуралд улсын яллагч, өмгөөлөгч нар мэтгэлзэж, мэтгэлзээний зарчимд тулгуурлан явагдсанийг өмгөөлөгч Батбаяр хэлж байна. Улсын яллагч, өмгөөлөгч бүгд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай байхад шүүгч ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан нь зохион байгуулалттай хэрэг гэдгийг баталж байна гэж өмгөөлөгч Батбаяр ярилаа.
Тэрээр “Г.Сарангэрэлийн ялыг Нийслэлийн шүүхээс хэвээр батална гэж бараг мэдэж байсан. Г.Сарангэрэлийн хэргийг Нийслэлийн шүүхэд хуваарилахдаа Н.Соёмбо-Эрдэнэ шүүгчид хуваарилсан. Н.Соёмбо-Эрдэнэ шүүгчид хуваарилангуут бараг хэвээр үлдээх байх гэж бодсон.
Яг л тэглээ. Шүүх хурлын явц шударга явагдаж, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох хангалттай бололцоо байсан ч хуулийн нэр хүнд унах учраас ийнхүү хэвээр үлдээсэн” гэлээ.
Өмгөөлөгч Г.Батбаяр хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдлээ. Г.Сарангэрэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авснаар 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаар Г.Сарангэрэлийг ШШГЕГ-ын харьяа 407 дугаар анги буюу эмэгтэйчүүдийн хорих ангид хуваарилах ёстой. Гэхдээ шүүхийн шийдвэрээ хүлээн авч, хяналтын шатны шүүхэд гомдлоо хүргүүлвэл Улсын дээд шүүхийн шийдвэр гартал Г.Сарангэрэлийг хорих ангид хуваарилахгүй. Г.Сарангэрэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны шөнө гурван охинтой хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ