Хоригдол оргосон асуудлаас болж ШШГЕГ-ын зарим удирдлагуудыг өөрчиллөө
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас есдүгээр сарын 4-ний өдөр хоёр хоригдол оргосон. Хоригдлуудын оргох үед цагдан хорих ангийн харгалзагч нар унтаж байсан гэх мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан ШШГЕГ-ын зарим удирдлагуудыг өөрчилжээ.
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 анги 2011 онд ашиглалтад орсон. Анх ашиглалтад орох үед ШШГЕГ-ын удирдлагууд ямар ч хоригдол оргон зугтаж чадахгүй гэж мэдэгдэж байсан ч ийнхүү хоёр хоригдол оргоод байгаа юм.
Хоригдлуудын оргох нөхцлийг цагдан хорих ангийн харгалзагч нар бүрдүүлж өгсөн гэх мэдээлэл байна. Харгалзагч нарыг унтаж байх үед хоригдлууд гурван давхарын тагтаар даавуу унжуулан бууж оргосон нь камерийн бичлэгт бичигдэн үлдсэн гэж эх сурвалж мэдээлсэн юм. Камерийн бичлэгт үлдсэнээр хоригдлуудын нэг нь нэг гартаа хутга, нэг гартаа гутал бариад урд нь алхаж явсан бол өнөөх хоригдол нь ард нь хөнжил бариад явж байжээ.
Хэрвээ тухайн үед хоригдлуудтай хүн таарсан бол амиа алдах нөхцөл байдал үүсэх байсныг эх сурвалж хэлж байна. Хорих ангид хоригдол хутгатай явж байгаа нь хорих ангийн дотоод журмыг ноцтой зөрчсөн асуудал, мөн хоригдлуудын оргох нөхцөл байдлыг үүсгэн харгалзагч нар нь унтаж байсан нь хариуцлагын ноцтой алдаа гаргасан гэж ШШГЕГ-ын зарим удирдлагуудыг өөрчилсөн байна.
Тухайлбал, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Хосбаярыг албан тушаалаас нь өөрчилж, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгожээ. Харин түүний оронд ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар, хурандаа Г.Туулхүүг томилсон байна.
Мөн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа Ч.Очгэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд хурандаа Д.Дамдинцэрэнг томилжээ.
Хоригдлуудыг хайх ажиллагаанд ШШГЕГ-ын дарга, хурандаа С.Баяндалай өөрөө оролцож байгаа юм байна. Хоригдлуудын талаар баттай мэдээлэл болон барьж өгсөнхүнд нэг сая төгрөгийн шагнал өгнө хэмээн ШШГЕГ-аас мэдэгдсэн. Хоригдогч Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар 22-23 настай бөгөөд хулгайн болон залилангийн хэргээр цагдан хоригдож байсан сэжигтнүүд юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ