Урсгал сөрсөн салхи буюу Ажаа гэгээн

Сурвалжлагч бүсгүй Ажаа гэгээнээс "Та хаана төрсөн хүн бэ" гэж асууж л дээ. Гэгээнтэн хариуд нь "Би Хөхнуурыг тойрсон шимт бэлчээрт нууруудын нэг Долоон нуур гэдэг сайхан нутагт монгол охин таны өвөг дээдсээс удамласан монгол хүн юм" хэмээн гайхалтай хариулт өгч байв. Хөхнуурын монголчуудын Хошууд аймгаас гаралтай гэгээнтэн бол энэ цаг үеийн буддын шашны хамгийн том хоёр оргилын нэг юм.

Өнгөрсөн зуунд буддын шашны хоёр оргил нь Далай багш болон Банчин богд байсан юм. Банчин Богдыг таалал төгссөний дараа Богд Зонхувын эцэг Ажаа гэгээний наймдугаар дүрээр тодорч ийнхүү өндөр дээд гэгээнтний зам мөрөөр орсон нэгэн билээ.

1950 онд долдугаар дүрийн Ажаа гэгээнтэн жанч халахын өмнө ойр дотныхондоо "Миний чандрын утаа чиглэсэн салхины зүгт хойд дүр минь төрнө" хэмээн айлджээ. Гэрээс ёсоор үйлдэхүй дор чандраас дэгдсэн утаа Алтан Сэвэрт сүмийн зүг чиглэсэн гэдэг. Сүүлчийн удаа хүндэтгэл үзүүлэх шиг утаа нэг гогцоорч ирээд хийдийн дээрх тэнгэрээс буун баруун хойд зүгийг зорьсон байна. Тэр мөчид хөгшин лам нар "Гэгээнтэн өөрийн дуртай Долоон нуурын талдаа мориллоо" хэмээн нулимс мэлтэлзүүлж байжээ.

Энэ бол өнөөгийн Ажаа гэгээнтний унасан газар, угаасан ус болох Хөхнуурын Долоон нуур байлаа.

Хуврагийн амьдралд хоёр настайгаасаа оржээ

Тэр цаг мөчид 1950 оны есдүгээр сарын 21-нд Долоон нуурт 11 хүүхэдтэй өнөр өтгөн айлд хүү мэндэлжээ. 1952 оны зун гэгээний наймдугаар дүрийг тодруулахаар тусгайлан бэлтгэгдсэн арван хуврагаас бүрдсэн эрлийн баг Утай Гүмбүм хийдээс хөдөлжээ. Манайх болон саахалт айлынханд Гүмбүм хийдээс урьдчилан хэл дуулгасан байв.

Хоёр айлын хэнийх нь хүү тодрох нь тухайн мөчид л шийдэгдэх байсан хэрэг. Лам нар бүтэн жилийн турш саахалт айлуудаар бууж, цай уух зуураа увьдастай хүүхэд төрсөн эсэх, ямар нэгэн гоц авьяастай хүү төрөхөд тэр айлын дээгүүр солонго татсан эсэхийг асууж, улмаар долдугаар дүрийн Ажаа Гэгээний дотно шадар лам нартай хүүхдийг уулзуулж, хэрэглэж байсан эд зүйлсийг таних эсэхийг нь шалгах, хүүхдийн байдлыг ажиглах зэргээр тун няхуур нямбай ажиглажээ.

Энэ тухай гэгээнтэн дурсахдаа "Миний эцэг эх эрлийн лам нарыг ойртон ирэхэд хувилгааны дүр тодорчихсон юм болов уу, хэнийх нь гадаа зогсох бол гэж эргэлзэн гайхширч, гэрийнхээ тотгоор шагайж харсаар хүлээсэн гэдэг. Алдарт Гүмбүм хийдийн Ажаа гэгээний дүрээр миний хүү тодорч, нэгэн өдөр тусгай зочид үүдийг минь татна гэсэн зөн билиг ээжид минь битүүхэн мэдрэгддэг байсан байгаа юм. Эрэлчид дөрөө мултлахад аав угтан гарч ээж тусгайлан бэлтгэж хураасан тавгийн идээ, сүүтэй цайгаар хуврагуудыг дайлахдаа балмагдан сандарчээ. Нутаг ус амар мэндээ мэдэлцсэн урт ярианы төгсгөлд настай хувраг босч, энх мэндийн цагаан хадаг дэлгэн аав ээжийн хүзүүнд тохож, Түвдийн Бурхан шашны Гэлүгба уламжлалыг үндэслэгч Богд Зонховын аавын наймдугаар дүрийг төрүүлсэнд баяр хүргэхэд нь магнай нь хагартлаа баярласан аав ээж хоёр минь лам нарт сөгдөн мөргөж, догдолсондоо уйлж гарсан гэдэг.

Миний ээж бие шалтгаантай болсныхоо дараа нэгэн зөн билигтэй зүүд зүүдэлсэн тухайгаа хожим ээж надад ярьсан юм. Тэгэхэд “Надад маш чухал хүн заяах нь ээ!” гэж зүүдээ өөртөө тайлжээ. “Эрлийнхэн манай үүдийг татахад тэр зүүднээс үүссэн баяр баясгалан дахин надад төрсөн!” гэж хэлсэн. Намайг төрсний дараахан бадарчин лам манайхаар ороод гарахдаа миний төрсөн цагийг асууж л дээ. Миний төрсөн он бар жил байснаар барахгүй, бар өдрийн бар цаг байсныг сонсоод: “Маш бэлгэтэй, ер бусын тохиол байна” гэж хэлжээ. Түвдүүдийн хувьд бар хамгаас хүчтэй, хамгаас эрхэмсэг араатны хаан болно. Гурван бар давхардсан цагт хүн төрлийг олно гэдэг дээдийн учрал. Лам намайг дээд зэргээр анхааран асарч, ямар нэгэн аюулт зүйлээс хол байлгаж, тусгай аяга таваг хэрэглүүлэн, байнга арцаар ариусгахыг эцэг эхэд дахин дахин сануулж, миний хувцас, ариун гэгээний маягаар цэвэрхэн байлгахыг захиад явсан гэдэг. Ингээд л би хувраг хүн болсон доо.

Хүнд хэцүү он жилүүд

Монголчууд бидний сайн мэдэх Гүмбүм хийд Ажаа гэгээний амьдралын олон он жилүүдтэй салшгүй холбоотой. Бурханы шашинд сүсэглэдэг олон сая хүмүүсийн сэтгэл зүрхэнд дотно сайнаар орших энэ хийдэд Ажаа Гэгээний хүүхэд болон идэр залуу нас, бас аз жаргалтай төдийгүй амаргүй хүнд байсан үеүд өнгөрсөн юм. Хэдийгээр Гэгээнтэн болон тодорсон ч Хятадын соёлын хувьсгалын нөлөөгөөр шорон гяндан, доромжлол тохуурхал бүхнийг амсаж байжээ.

Түүний идэр залуу насны 16 жил хөдөлмөрийн лагерьт өнгөрсөн юм. Гэгээнтнээр тодорч ирсэн хүүг 10-аад настайд нь улаан хувьсгалч хятадууд доромжлон тохуурхаж олон лам нартай хамт хөдөлмөрийн лагерьт цөлсөн байдаг. Гэсэн ч гэгээн хүний бүх шинж чанарыг алдалгүйгээр сэтгэлийн тэнхээгээр даван туулж ирсэн байна.

Урсгал сөрсөн салхи

2008 онд Ажаа гэгээнтний намтрыг англи хэл дээр ном болгон гаргах ажилд олон улсын томоохон хэвлэлийн компаниуд сайн дураараа өрсөлдөж Францын компани энэ ажлыг гардаж хийсэн байна. Номны нэр "Wind and River". Үүнийг "Урсгал сөрсөн салхи" хэмээн монголчилсон бөгөөд энэ тухай гэгээнтний дотны хүмүүсийн нэг доктор Ш.Баатар тайлбарлахдаа, Ажаа гэгээн өөрөө ингэж хэлсэн юм. "Гол жамаараа урсч байхад салхи хэдий өөд салхиллаа ч юу ч болохгүйн адил Хятадын төрийн бодлого урсгалаараа явж байхад сөрж зогссон өчүүхэн би юу болох вэ"гэсэн утгыг "Урсгал сөрсөн салхи" гэж илэрхийлье хэмээсэн юм гэжээ.

Гэгээнтний туулсан амьдрал үнэхээр урсгал сөрсөн салхи байсан юм. Түүнийг цаг зөөлөн болох үед Банчин богд Гүмбүм хийдийн хамба лам болгосон гэдэг. Хятадууд ч Ажаа гэгээнтнийг татахыг оролдож нам төрийнхөө шашны асуудал эрхэлсэн томоохон албан тушаалд томилсон аж.

Улмаар Банчин богдыг гэнэтийн үхлээр насан өөд болсны дараа хойд дүрийг нь уламжлалт заншлаар Далай ламын дэргэдээс бус Хятадын засгийн газраас тодруулахаар болсон юм. Яг ийм ярвигтай даалгаврыг авсан Ажаа гэгээн удтал бодсоны эцэст насан багаас нь дэргэдээ авч их зүйлийг зааж сургасан Банчин богдынхоо дүрийг худал хуурмагаар тодруулж чадахгүй гэдгээ илэрхийлжээ.

Банчин богдын хувь тавилан Ажаа гэгээнтэнд давтагдах төлөвтэй хэмээн үзэж олон шавь нар нь түүнийг 1998 онд АНУ-д дүрвэн гарахад туслажээ.

Тэрээр Америкт очсон хойноо түвдүүдийн шинээр тодруулсан Банчин Богдыг хятадууд хэрхэн баривчлан Бээжинд гэрийн хорионд оруулж, Хятадын засгийн газраас Богдын хойд дүрийг хүчээр тодруулсан тухай урд өмнө хэвлэлд гарч байгаагүй, бодит үнэнийг дэлгэжээ. Хятадын хуурамч Банчин Богдыг тодруулах асуудал цаанаасаа бууны овоо хараан дор шууд явагдсан тухай нууцлан далдалсан асуудлын амьд гэрч болох Ажаа гэгээнд төрийн маш өндөр албан тушаал амлаж байсан хэдий ч тэр бүгдээс татгалзаж чадсан тухайгаа тэрээр ярьсан байдаг.

Монголын гэгээн

Хэдхэн хоногийн өмнө Ажаа гэгээнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч Монгол Улсын ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт хийсэнд талархаж "Алтан гадас" одонгоор энгэрийг нь мялаасан юм. Ажаа гэгээн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд зориулан Хүүхдийн цусны эмгэг-хавдарын оношилгоо, эмчилгээ, хавдрын мэс заслын хэсэг, 25 ортой нярайн эрчимт эмчилгээний, 50 ортой цусны эмгэг-хавдар судлалын тасаг, сургалтын болон эмч мэргэжилтнүүд байрлах өрөө, тасгуудын онцлогт тохирсон тоног төхөөрөмж суурилуулсан хоёр барилга бүхий эмнэлэг ашиглалтад оруулсан юм. Гурван сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг Ажаа гэгээний шавь нар хэдэн жилийн хугацаанд хандиваар босгосон байна.

Тэрээр анх эмнэлэг барих болсон тухайгаа ярихдаа “Би бол мөнгөтэй баян, бизнес хийдэг хүн биш, бас хүн анагаадаг эмч биш. Харин буян үйлдэхийг зорьж буй хувраг хүн. Энэ төслийнхөө хөрөнгийг найз нөхөд сүсэгтэн шавь нарынхаа дэмээр босгож буй. Би ийм юм хийх гэж байгаа гэж ярьснаас ийм юм хийгээд эхэлчихсэн, таны тусламж тийшээ шууд орно гээд үзүүлэх юмтай байх нь илүү хүнд үнэмшилтэй тодорхой санагдах тул мөнгө бүрэн босоогүй ч болно гэсэн итгэлээр барилгын ажлыг эхлүүлсэн юм” хэмээж байлаа.

Ийнхүү бурхны шашны хоёр оргилын нэг болсон монгол гэгээнтэн монголчууддаа хандан их зүйлийг хийж бүтээсээр байна.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ