Тарианы бөхчүүдээ гэж...

Допинг илэрсэн гурван бөхийн нэр хэний хэн бэ? Монголын ард түмний үеийн үед хайрлаж, дээдэлж ирсэн үндэсний бөхийн спорт утгаа алдаж гүйцжээ. Найраа нэртэй авлигын гэмт хэрэг, сэргээш хоёрт дөрлүүлсэн бөх нэртэй ийм жалга довны спортоор ч яах юм.

Монгол бөх олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ирээдүйгүй хэрнээ ядаж сумо шиг хөгжихгүй нь цаанаа ийм л учиртай.

Яг мөнгө төгрөг өгөлцөөд авалцсаныг нь нотлох баримт байхгүй ч хэн хэнд өгсөн нь тодорхой байдаг. Чимээгүйхэн хөгжсөн допингийн тухай сүүлийн үед бөх сонирхогчдын дунд янз бүрийн явган яриа газар авч дор бүрнээ ярилцсаар.

Жил жилийн наадмаар л допинг хэрэглэсэн бөхчүүд тодорч тодорхой хугацаагаар барилдах эрхээ хасуулсан ч дараа нь эрээ цээрээгээ алдсан тэд бөхийн дэвжээгээ гутаан гарч л байдаг.

Бөхчүүд допингийн элдэв эм тарианы тухай мэдлэгээрээ анагаахын оюутнуудаас ч хавьгүй илүү гарч багш нартай нь хавьцаалдана гэх. Ер нь тэдгээр эм тариаг хэрэглэдэггүй бөх үлдээгүй гэх. Бүгд л илэрдэг илэрдэггүй, их бага ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг. Саяхан манай улсын нэр алдартай нэгэн бөх өөрийн фэйсбүүк хуудсандаа “ ... аймгийн тариулдаггүй ганц бөхөөр сонин юу байна” хэмээн бичсэн байсан нь нэгийг өгүүлнэ. Нөгөө -Улаан тарианы хүүхнүүд" гэдэг шиг л.

Сүүлийн үед залуу бөхчүүд гэнэт цоорч үзэгчдийг шуугиулдаг. Гэтэл тэрхүү цойлон гарч ирсэн залуу бөхийн 1, 2 жилийн өмнөх зургуудыг харвал биеийн хөгжил нь танигдахын аргагүй сулбагар байдаг гэх.

Тулааны спорт, бөхийн спортын төрлүүдэд богино хугацаанд гэнэт цойлж гарч ирнэ гэдэг бол боломжгүй шахуу зүйл. Тамирчин хүн бага багаар сайжирдаг юм гэж хашир дасгалжуулагч нар өгүүлэх нь бий. Тиймээс залуу бөхчүүд тарианы бөхөө хэмээн цоллуулах нь холгүй байгаа нь гашуун үнэн.

Допингийн бэлдмэлүүд хаанаас орж ирж, үүнийг нь бөхчүүд олж хэрэглэж, ард түмнээ хуурч, доромжлоод байгаа тухай бөхийн хүрээнийхэн шивэр авир хийлддэг. Тэд хоорондоо “Тэр тийм юм хэрэглэдэг” хэмээн ярилцдаг нь нууц биш. Үндэсний бөхийн бөхчүүдийн хүчний бэлтгэлийн буюу штангийн багш, тамирчдад бас их учир байна. Хүндийн өргөлт, бодибилдинг, пауэрлифтинг гэх хүчний спортын “Нэр Бүхий” нөхөд эх орондоо допингийн бэлдмэлүүд импортолсоор удлаа. Энэхүү бэлдмэлүүдээ үндэсний гэх тодотголтой бөхчүүдэд нийлүүлдэг сүлжээ бий болчихоод байна шүү, цаана чинь. Өдгөө манай үндэсний бөхийнхөн хүчний спортынхны тусламжтайгаар бүх цаг үеийн турш буюу тэмцээний болон тэмцээний бус үед аль алинд нь хэрэглэхийг хориглодог хоёр төрлийн допингийн хүчээр ард түмнээ баясгаж байна. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн Олон улсын стандартын нэг болох хориглосон жагсаалтын S1 Анаболик стероид төрлийн хориотой бодис ангилалд хамаардаг Trenbolon, Testosteron, Сypionax, Sustanon, Enantat, Deca, Retabolil, Methandrostenolone-г их хэрэглэдэг гэх. Энэ төрлийн бодисууд нь эр бэлгийн дааврын гаралтай байдаг байна. Түүнчлэн Дэлхийн допингийн эсрэг дүрмийн олон улсын стандартын нэг болох хориглосон жагсаалтын S2 Пептид гормон, өсөлтийн фактор, хамааралтай бодисууд бүлэгт багтдаг Jintropin , Somatotropin-ийг хэрэглэдэг хэсэг ч бий аж. Сүүлд дурдсан хоёр нь хүний өсөлтийн гормоноос бэлтгэдэг бодис юм. Сая дурдсан бүх бодис орсон эмийг удаан хугацаанд давтамжтай, өндөр тунгаар хэрэглэх нь эрүүл мэндэд олон янзын сөрөг үр нөлөөг үзүүлдэг.

Жишээ нь улсын наадамд түрүүлсэн бөхөөс допинг илэрвэл яах вэ?

Түрүүлсэн бөхөд 5, 6, 7, 8-н даваануудад унасан бөхчүүд цол ахиад явах нь. Одоогийн хуулиар бол шинээр цол авсан бөхийн цолыг нь хурааж чадахгүй байгаа. Тэгэхээр улсад түрүүлсэн бөх арслан ч юмуу аварга цолтойгоо үлдээд 2 жил хүртэлх хугацаагаар эрхээ хасуулахчаан аядаад түүнд унасан бөхчүүд нь цол нэмээд явж болохоор байна. Дахиад хэлэхэд цол хураах, барилдах эрхийг хасах хоёрыг хуулийнхаа нэг заалтанд зайлшгүй багтааж оруулж өгч допинг хэрэглэсэн бөхийн цолыг хураагаад барилдах эрхийг хасаад явахгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ