Эхний ээлжинд 100 орчим автобус оруулж ирнэ

Нийслэл хотод ирэх жилээс "Ухаалаг автобус" явж эхлэх болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл "Дата Карт консерциум"-ын төлөөлөлтэй уулзаж төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус төсөл нь ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн хэрэгжиж эхлэх гэнэ.

Дээрх "Ухаалаг автобус" нь хяналт удирдлагын систем буюу GPS, автомат төлбөр хураалтын систем, мэдээллийн гэсэн гурван системтэй учир иргэдийг таатай үйлчилгээгээр хангах бүрэн боломжтой ажээ. Түүнчлэн цахим картыг иргэдийн нөхцөл бололцоонд тулгуурлан хэд хэдэн төрлийн сонголттойгоор худалдаалахаар төлөвлөж байгаа юм.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбатаас зарим асуултад хариулт авлаа.

Манай нийтийн тээврийн хүрэлцээ дутмаг байгаа гэж ярьдаг. Ер нь дээрх төслийн хүрээнд нийтийн тээврийг яаж зохицуулах вэ?

- Нийслэлд яг одоо 1200 автобус байгаагийн 800 нь байнгын үйлчилгээнд явж байна. Иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхэд 2500 автобус хэрэгтэй гэсэн тооцоо бий. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бид эхлээд 100 орчим нийтийн тээврийн хэрэгсэл оруулж ирэхээр яриад байгаа. Дашрамд хэлэхэд, Railbus ч мөн ийм системтэй болно.

- Оюутан, ахмад настнууд яаж үйлчлүүлэх вэ?

- Нийтийн тээврийн компаниудад өгдөг нөхөн олговор эдгээр иргэдийн картанд шууд орно гэсэн үг.

- Кондукторуудаар ямар ажил хийлгэх гэж байна?

- Тэд хяналт, шалгалт хийнэ.

- Өнгөрсөн сард хийсэн туршилтаас харахад иргэд маршрутан дээр нэлээд бухимдалтай байсан. Энэ төслөөр маршрутад өөрчлөлт хийгдэх үү?

- Бид тэр туршилтаасаа алдаа оноогоо дүгнэж, дахин шинэ чиглэлүүд бий болгохоор ажиллаж байгаа.

Дээрх төслийн хүрээнд мөн буудлуудад мэдээллийн самбар байршуулснаар зорчигчидавтобус буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангагдах давуу талтай. Тиймээс ч иргэд энэ төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

Иргэн Д.Сайхантуяа:

- Би энэ талаар сонсож байсан. Ерөнхийдөө их таалагдаж байгаа. Гадаадын улс орны жишигт тэмүүлж байгаа нь сайшаалтай байна. Түрүү сард 500 төгрөг төлөөд өдөржин явсан нь ч их зүгээр санагдсан. Гол нь хүмүүс чиглэлүүдээ сайн мэдээгүйгээс нэлээд бухимдуулсан байх. Аль автобус нь хаагуур явахыг нь мэдэхгүй бараг нэг цаг буудал дээр хүлээсэн шүү дээ. Маршрутыг нь сайн зарлаад өгчихвөл тийм асуудал үүсэхгүй байсан болов уу гэж бодож байна. Харин цахим хэлбэрт шилжихдээ энэ тал дээр анхаарах хэрэгтэй байх аа.

Иргэн А.Болд:

- Шинэ систем нэвтрүүлнэ гэж зурагтаар үзэж байсан. Би хувьдаа их дэмжиж байгаа. Харин өнгөрсөн сарын 10 хоногийн туршилтын хувьд зүг, чиг, маршрутаа зарлахгүйгээс болж бөөгнөрөл үүссэн болохоос уг нь зөв юм хийсэн шүү дээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ