Хэрэгт татагдсан эмчийг III эмнэлгийн даргаар томилох уу

Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар эмнэлгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр сонгон шалгаруулалт явуулсан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт зарим эмнэлгийн дарга нарыг томилох шийдвэр гарчээ.

Тодруулбал, Клиникийн нэгдүгээр эмнэлгийн даргаар Б.Бямбадорж, Клиникийн хоёрдугаар эмнэлгийн даргаар Г.Баясгалан, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн даргаар Л.Баярцэцэг, Геронтологийн төвийн даргаар Р.Оюунханд, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн даргаар Ш.Энхтөр, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргаар А.Цогцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлаар н.Ганчимэг нарыг томилох шийдвэр гаргаад байгаа аж.

Харин эдгээрээс бусад хэд хэдэн эмнэлгийн дарга нарын хувьд шалгаруулалтад тэнцээгүй учир сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар болсон байна.

Хамгийн сонирхолтой нь Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн даргаар Л.Баярцэцэг эмчийн нэр нэгдүгээрт жагссан байна. Л.Баярцэцэг нь өвчтөний түүхийг өөрчилсөн хэмээн эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаа юм.

Тодруулбал, тэрээр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст хүнд гэмт хэрэгт шалгагдаж байсан төрсөн ах Л.Батмөнхийг ялаас мултлах зорилгоор элэгний хүнд өвчтэй гэсэн онош тавьсан.

Ингэхдээ эмнэлгийнхээ төв сервер рүү тус эмнэлгийн эмч А.Баярзаяа нарт үүрэг өгч нэвтрүүлэн ахынхаа өвчний оношийг өөрчлүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад эмнэлгийн их эмч А.Баярзаяа, лаборант Д.Оюунсүрэн, Ба.Сувд нараас мөрдөн байцаагчид мэдүүлэг авч, тэд хэргээ хүлээсэн билээ. Тиймээс Л.Баярцэцэгт Эрүүгийн хуулийн 245.2, 226-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас тодруулахад "Л.Баярцэцэгийг хараахан томилоогүй байгаа. Ерөнхийдөө Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн даргаар томилогдох эмч нарын жагсаалтад нэгдүгээрт жагсаж байгаа. Гэхдээ би АТГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Хэрвээ шалгаж байгаа нь үнэн гэсэн бичиг ирвэл томилохгүй." гэлээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ