Н.Удвалыг нэр дэвшүүлж буйд АН, Н.Энхбаяр хамаагүй гэв

Өчигдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы хурал хуралдсан. Өчигдөр өглөөнөөс эхлэн шөнийн 23.00 цаг хүртэл хуралдсан тус хуралдааны шийдвэрийг өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.

Улс төрийн бусад намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ аль хэдийнэ зарласан. Харин МАХН-ынхан Бага чуулганы хуралдаанаар шийдвэрлэнэ гэсэн ч хоёр өдөр хурал хойшилсон. Нэр дэвшигчээ зарлахгүй хойшилж байгаа нь улс төрийн хүрээнийхний хувьд хүлээлт үүсгэж, бас ч үгүй элдэв харын таамаг дэвшүүлэхэд хүргээд байсан юм. Тэгвэл хүлээлт үүсгээд байсан хурлын шийдвэр гарч МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал нэр дэвшихээр болжээ.

МАХН-ыг МАН-ыг дэмжиж сонгуульд оролцоно, эсвэл бие дааж Сангийн сайд Ч.Улааныг нэр дэвшүүлнэ гэсэн олон таамаг яриа яригдаж байсан. Гэтэл Монгол Улсад анхдагч байж болох эмэгтэй Ерөнхийлөгчид Н.Удвалыг нэр дэвшүүлж байгаа нь араасаа мөн л олон таамагийг дагуулах болов.

Тухайлбал, Н.Удвалыг нэр дэвшүүлж байгаа нь АН-ын сонирхол төдийгүй МАХН-ын дарга Н.Энхбаяраас үүдэлтэй тохироо гэх зэрэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болов.

Энэ бүх таамгийн хариултыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр “МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ Бага чуулганыхаа хуралдаанаар шийдвэрлэнэ гэж аль эртнээс ярьж байсан. Бага чуулганы хуралдаан хоёр удаа хойшилсон шалтгаан нь Засгийн газар байгуулахад МҮАН болон АН-тай хийсэн гэрээ байлаа. Бид анх гэрээ байгуулахад орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцоно гэж үзгэлсэн. Гэтэл энэ гэрээ хэрэгжээгүй. Тиймээс энэ удаагийн сонгуульд бид гэрээгээ эргэн харах шаардлага гарсан. Тиймээс бусад намын шахалтаас үүдэн хурал хойшилсон юм байхгүй. Мөн Н.Удвалыг нэр дэвшүүлэхэд АН-ын захиалга, намын дарга Н.Энхбаяраас үүдэлтэй гэх яриа гарсан. Бид намаасаа нэр дэвших боломжтой таван хүнийнхээ судалгааг нийслэл болон орон нутагт хийсэн. Энэхүү судалгаан дээр үндэслэн, Бага чуулганыхаа гишүүдийн санал дээр үндэслэн Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. Тиймээс энэ шийдвэрийн талаар элдэв таамаг дэвшүүлэх хэрэггүй байх” гэлээ.

Ийнхүү парламентэд суудалтай МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж төдийгүй Н.Удвалыг нэр дэвшүүлж байгаа нь албан ёсоор тодорхой боллоо. Хэдийгээр МАХН-ын Бага чуулганы гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар санал зөрүүтэй байсан ч эцсийн мөчид Н.Удвалыг 95 хувийн саналаарнэр дэвшүүлэхээр боллоо.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ