Монгол Улсын спортын амжилтаараа Азидаа топд тооцогдохоор болжээ

Азийн олимп гэгддэг Азийн спортын 17-р их наадам БНСУ-ын Инчеон хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна. Азийн наадамд манай улсын баг тамирчид нээлтийн эхний өдрөөс л эхлэн маш өндөр амжилт гаргаж 45 орны баг тамирчдаас айргийн тавд багтаж эхэлсэн.
Эмэгтэйчүүдийн буудлагын баг хүрэл медалийн амжилт үзүүлж медалийн салхийг хагалсан бол араас нь манай улсын тамирчдыг сүүлийн жилүүдэд яах аргагүй амжилтаараа түүчээлж байгаа жүдочид маань медалийн хур буулгасан юм. Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Д.Төмөрхүлэг нар Челябинскийн дэлхийн аваргад амжилт тааруухан оролцсоныхоо даагыг нэхэж алтан медалийн тавцанд зогссон.
Дэлхийн аварга Г.Болдбаатар маань ч хоосон хоцорсонгүй жиндээ мөнгөн медаль хүртсэнээр Монгол Улс Азийн наадамд Хятадын дараа л бичигдэж эхэлсэн юм. Тэгвэл өчигдөр буюу бага олимпийн хоёр дахь өдөр жүдочид маань дахин амжилтаа ахиуллаа. Таван жүдоч татамид гарснаас эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр мөнгө, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар хүрэл медаль хүртсэн юм.
Тэгвэл өнөөдрийн хувьд Азийн наадмын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд онч сорьсон олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын мэргэн бууч, олимпийн аварга Чень Инд ялагдсансанаар хүрэл медалийн болзол хангалаа.
Ингэснээр хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар Монгол Улсын баг тамирчид БНХАУ, БНСУ, Японы дараа дөрөвдүгээр байрт жагсаж байна. Манай ард Казакстаны тамирчид хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл медальтайгаар бичигдэж байна.

Гэрэл зургийг Ч.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ