Тоншуулын толгой санаа өгчээ

“Тоншуул тонших л ёстой. Тоншуул тоншихгүй бол үхсэнээс ялгаагүй” гэж нэг үг бий. Зарим төрлийн тоншуул секундэд 18-22 удаа тоншиж, тонших бүртээ тархиндаа 1200 граммын ачаалал үзүүлдэг юм байна. Ийм ачаалал нь хөл бөмбөгчний тархийг хөдөлгөх хэмжээний цохилт гэж тооцсон хэмжээнээс даруй 100 дахин хүчтэй байгаа юм.

Гэхдээ тоншуулын толгойны ясны бүтэц, бөх бат эрүү зэрэг нь тархи толгойг доргилтноос хамгаалагч байгалийн амортизаторын үүрэг гүйцэтгэдэг байна.

Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Sang-Hee Yoon, Sungmin Park нар тоншуулын тархины зөөлөн эд яагаад доргилтыг ажрахгүй даагаад байгаагийн учрыг судалж байна. Тоншуулын толгойн бүтэц нь тархиа дөрвөн өөр аргаар хамгаалдаг болж таарав. Тоншуулын хошуу нь хатуу ч уян хатан, гавлын яс нь өвөрмөц бүтэцтэй,тархи гавлын яс хоёрын хооронд зөөллөгч болж өгдөг шингэн давхаргатай, түүнээс гадна хэл нь hyloid layer гэгддэг тусгай бүтэцтэй, тэр нь цохилтын хүчийг багасгаж өгдөг аж.

Судлаачид эдгээр онцлог тус бүрийг дуурайлгасан хиймэл төхөөрөмж хийж, түүн дээрээ үндэслэн цоо шинэ төрлийн хамгаалалтын тоног төхөөрөмж бүтээжээ. Эрдэмтэд энэ төхөөрөмж рүү буудаж үзээд дотор нь байгаа хэврэг ачааг 6ОООО грамм даацаар хамгаалж чадаж байгааг тогтоосон тухай "Bioinspiration and Biomimetics" сэтгүүл мэдээллээ.

Энэ нээлт цахим төхөөрөмж, онгоцны хар хайрцаг, машины шинэ төрлийн амортизатор төдийгүй тамирчид, автын уралдааныхан, цэргүүдэд хамгаалалтын хэрэгсэл бүтээхэд хэрэгтэй юм. Америк хөл бөмбөгийн хамгаалалтын дуулга үйлдвэрлэгч Riddell компани, мөн батлан хамгаалах салбарынхан энэ технологийг сонирхож эхлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ