Монголын Арбитрийн хурал Сөүлд болно


МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын үндэсний арбитр анх удаа гадаад оронд арбитрын маргааныг хянан хэлэлцэх гэж байна. Монголын үндэсний арбитрын арбитрч, Хонгконгийн Олон улсын арбитрын Барилгын зөвлөлийн захирал ноён Кристофер Винг Тү (тэрээр Монголын үндэсний арбитрын /МҮА/ гишүүн бөгөөд МҮА нь олон улсын гэж явдаг) манай арбитрт хэргийг нь хянан шийдвэрлэж байгаа гадаадын оролцогч бүхий талуудын хоорондын маргаанд Монголын арбитрч Т. Алтангэрэл, Ч. Цэнд-Очир нартай хамтран оролцох юм. Уг хуралдаан ирэх зургадугаар сард Сөүл хотноо БНСУ-ын Худалдааны арбитрын зөвлөлийн байранд монгол хэлээр нээлттэй явагдаж, Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлан хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.
Энэ нь талуудын эрх тэгш байдал, хуралдаанд оролцох боломж, хуралдаан явуулах газраа сонгож болдог зэргийг харуулж байна. Мөн энэ нь МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр нь олон улсын ямар ч маргааныг хаана ч, ямар ч хэлбэрээр тус арбитрын бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлэх боломжтой гэдгийг харуулж байгаа юм.
Дашрамд дурдахад МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитр нь нийгэм, эдийн засаг, дэд бүтэц зэрэг тухайн салбар бүртээ мэргэшсэн гадаад, дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 54 арбитрчийн бүрэлдэхүүнтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улс дахь байнгынарбитр билээ. Тус арбитр дотоодын төдийгүй олон улс хоорондын эдийн засаг, бизнесийн маргааныг Монгол Улсад шийдвэрлэж байна.
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ