ХУД-ийн Засаг даргыг компанийн менежер хийж байна гэв

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг дахин барилгажуулах ажилтай холбоотойгоор нийслэлийн Хан-Уул дүүргийн “Ажилчин” СӨХ-ны харьяаны 10 байрны иргэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж гомдол, саналаа илэрхийллээ. Та бидний нэршсэнээр Нэхмэлийн шар гэгдэх эдгээр байрнуудын иргэд дүүргийнхээ Засаг дарга Ж.Ганхуягт маш их гомдолтой байгаагаа хэлсэн юм.

Тэд одоогоос 16 жилийн өмнөөс амьдрах орчин нөхцлөө сайжруулан тохижуулах зорилгоор “Чингисийн өргөн чөлөө” төсөл боловсруулж эхэлжээ. Гэтэл тэдний санал санаачлага хэд хэдэн сонгуулийн нүүрийг үзсэн авч биеллээ олж чадахгүй яваа гэнэ.

Учир юу гэвээс, төр нь иргэддээ үйлчилдэг нийгэм бүрэн утгаараа цогцолж чадахгүй байгаагийн тод илрэл хэмээн үзэж байна. Тэд өмнө нь олон компаниудтай тохиролцож гэрээ хийж байсан ч ямар нэгэн шалтгаанаар цуцлагдаад алга болчихдог гэв.

Гэтэл одоо ч бас энэ үйлдэл давтагдах гээд байгаад иргэд цөхрөнгөө бараад байгаа аж. Тус нутаг дэвсгэрт дахин барилгажуулалт хийхээр “Фүжи холдинг” ХХК, “Орчлон констракшн” гэсэн хоёр компани өрсөлдөж байгаа. Засаг дарга нь Орчлонг сонгоод, иргэд нь харин Фүжиг сонгож. Иргэдийн 80 гаруй хувь нь сонголтынхоо дагуу гэрээ хийж, гарын үсгээ зурчихаад байхад Засаг даргын Орчлонг заавал сонгох хэрэгтэй гэсэн шантаачаар ажил нь эхлэхгүй, хойшлогдоод байгаа нь тэдний эгдүүцэл, гомдлыг хүргэжээ. Урт удаан хугацаанд хөөцөлдөж яваа энэ ажлыг ямар нэг чирэгдэлгүй яаралтай эхлүүлмээр байгаа гэж байлаа. Тиймдээ ч энэ жилийн дөрвөн сар гэхэд 80 гаруй хувь нь Фүжи холдингтой гэрээ хийчихээд байтал 6 дугаар сард нийслэлээс журам гээд бас нэг хаалт гаргаад ирсэн аж. Тэдний хэлж буйгаар тендер буюу сонгон шалгаруулалт гэдгээс үнэндээ залхсан гэнэ.

Иргэдийнхээ дэмжлэгээр сонгогдсон төрийн дээдчүүд ард түмнийхээ үгийг сонсдог, эрүүл ардчилсан нийгэм гэж яридагаа одоо жинхэнэ амьдрал дээр хэрэгжүүлэхийг л тэд хүсэж байгаа юмсанж.

Хамгийн гол нь Ж.Ганхуяг дарга нь “Орчлон констракшн” компанийн менежерийн ажил хийлгүйгээр иргэдийнхээ төлөө ажиллахыг оршин суугчдын төлөөлөл болох Б.Энхбаатар, Б.Халиун, З.Энхчимэг, н.Батгэрэл нарын төлөөлөл чин сэтгэлээ хүсч байгаагаа хэллээ. Эс бөгөөс ажлаа өгөх бас нэг гарц бий гэдгийг сануулсан юм.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ