Мансууруулах бодис хэрэглэсэн 12 залуус баригдлаа

БГД-ийн III дугаар хороонд болон ЧД-ийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлуудаас зургаан эрэгтэй, зургаан эмэгтэйг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байсан гэх шалтгаанаар саатуулан шалгаж байна.

Шалгалтын явцад сэжигтнүүд тухайн үед дээрх төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд эд мөрийн баримт болох ice буюу мөс, канабис хэлбэрийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хураан авчээ.

Сэжигтнүүдийг “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-т зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шалгаж байна.

Цагдаагийн албан хаагчид ганцхан шөнийн дотор буюу энэ сарын 21-22-нд шилжих шөнө 23-31 насны дээрх этгээдүүдийг илрүүлж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь энэ төрлийн хэрэг аюулын харанга дэлдэж эхэлснийг харууллаа.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ