Анхнаасаа Т.Батцэцэгийг ”Дэлхийн мисс”-т явуулахаар сонгосон байсан гэх яриа гарчээ

Анх 1951 онд Английн иргэн Эрик Морлейгийн санаачлагаар манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг шалгаруулах нэгэн тэмцээн зохион байгуулагдсан нь одоогийн “Дэлхийн мисс” юм. Өндөр зохион байгуулалт, хатуу шалгуураар явагддаг энэхүү тэмцээнд Өмнөд Америк, Африк тивийн миссүүд хамгийн олонтүрүүлсэн байдаг бол сүүлийн хоёр жил дараалан Ази бүсгүй дэлхийн миссээр тодорчээ.

Манай улс энэхүү тэмцээнд 2005 оноос оролцож эхэлсэн бөгөөд нийт есөн бүсгүй оролцсоноос 2007 онд улсаа төлөөлсөн Э.Сэлэнгэ “Мисс авьяас”-аар тодорч, 2010 онд оролцсон А.Сарнай шилдэг 20 миссийн нэгээр шалгарч байв. Энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээн ирэх арваннэгдүгээр сард Английн нийслэл Лондон хотноо болох ба хэдхэн хоногийн өмнө бид энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйгээ тодруулсан билээ. Хамгийн сонирхолтой нь үүнээс өмнө ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулж байгаагүй юм. Өөрөөр хэлбэл энэ тэмцээнд оролцох эрхийг эзэмшдэг “Desoft media” групп хаа таарсан хүнээ дэлхийн мисст сойдог байсан гэсэн үг. Энэ нь ч монголчуудыг багагүй бухимдуулдаг байсан бөгөөд хаанахын, хэн гэгчийг, хэний зөвшөөрөлтэйгээр явуулчихав гэх шүүмжлэл тасардаггүй байв. Ашгүй харин энэ жилээс тэмцээн зохион байгуулж Т.Батцэцэг "Дэлхийн мисс"-т явахаар болжээ. Гэвч анх удаа зохион байгуулсан дээрх тэмцээн нь бас л хэл амнаас холуур өнгөрсөнгүй. Тодруулбал энэхүү тэмцээнийг зохион байгуулахаас өмнө Т.Батцэцэгийг сонгочихсон байсан гэх яриа гарчээ. Чухамдаа ийм яриа гарсан нь энэхүү тэмцээнд мисс И.Төгсөө, Д.Долгион, Ж. Энэрэл нарын хүчтэй өрсөлдөгч олон байсантай холбоотой биз.

hjhjhjЯмартай ч бид энэ жилийн "Дэлхийн мисс"-т Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналт Т.Батцэцэг хэмээх сайхан бүсгүйг явуулахаар болсон бөгөөд одоо түүний захыг мушгиад аз, од ерөөх л үлдэж.

Нэмж хэлэхэд “Дэлхийн мисс”-т явуулах үндэсний ялагчийг тодруулах тэмцээн нь “Miss Mongolia” тэмцээнтэй огтхон ч хамааралгүй юм. Учир нь "Дэлхийн мисс" тэмцээнд оролцогч илгээх эрхийг “Desoft media” групп эзэмшдэг бол "Miss Mongolia" тэмцээн нь Монголын сайхан бүсгүйг тодруулж "Miss International" тэмцээнд оролцох эрхийг өгдөг аж. Ер нь бол дэлхийн хаана ч ийм жишиг байдаггүй. Тэд улсынхаа миссийг тодруулчихаад сайтар бэлдсэний үндсэн дээр "Дэлхийн мисс" тэмцээнд оролцуулдаг байна. Гэтэл ингэж хоёр тусдаа тэмцээн зохион байгуулах ямар хэрэгтэй гэж. Үүнийг нэг болгож улсынхаа миссийг "Дэлхийн мисс" тэмцээнд явуулж байх нь хаа хаанаа хэрэгтэй бус уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ