“Эцгийн нударга” дор явсан бидэнд “эхийн хайрт” умбах цаг ирэв үү

-Ерөнхийлөгчид эмэгтэй хүн нэр дэвшсэн нь ер бусын үзэгдэл болов-

Төрийн тэргүүн нь эмэгтэй улс орон нэг бус. Хатан хаан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, канцлер нь эмэгтэй улс олныг нэрлэж болно. Хамгийн сүүлчийн жишээ нь БНСУ болов. Бидний түүхэнд ч тийм үзэгдэл буй. Өүлэн эх, Мандухай, Ану хатан, С.Янжмаа, С.Удвал, С.Мөнхөө гээд мундаг эмэгтэй олон. Гэхдээ л бид өнөөг хүртэл эцгийн хатуу, ширүүн нударга дор явж ирсэн маань хатуу боловч үнэн билээ. Бүхэл бүтэн улс орныг байтугай үр хүүхдээ ширүүлхэн өсгөвөл ямар үр дагавар гардгийг хэлүүлэлтгүй биз. Нударгалж өсгөсөн хүүхэд нударгачин л болно. Эхийн хайр дутуу өсвөл элдэвт орооцолдсон, хэцүү хүүхэд бий болдог нь ч гашуун үнэн. Чин үнэнийг хэлэхэд бид тийм л хүмүүс юм. “Эхгүй хүүхдийн юу том” гэдэг билээ? Нийгмийн амьдралыг аваад үзэхэд өнөөгийн ороо бусгаа цагт эхчүүд, эмэгтэйчүүд л орон гэрээ авч яваа нь худал биш. Энэ нь нийгмийн үзэгдэл мөн л юм бол, улс төрд ч тэгэх л ёстой. Монголын улс төр улаан луйварчдаар дүүрсэн нь ч учир жанцантай. Эхчүүд, эмэгтэйчүүдийг шахчихсанаас тэр л дээ.Аргаа барахдаа намууд, түүн дэх эмэгтэйчүүд квот ярьдаг. Тэрийг нь тэгээд хэн ч дэмжилгүй явсаар ирэв. Өнгөрсөн сонгуулиар парламентад овоо хэдэн эмэгтэй орж ирсэн нь харьцангуй эрүүл үзэгдэл гэхэд хилсдэхгүй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ашгүй эмэгтэй хүн нэр дэвшлээ. Тэр бол МАХН-аас нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд Н.Удвал бөлгөө. Монголын улс төрийн түүхэнд жинхэнэ үзэгдэл боллоо. Түүхэн энэ боломжийг бид ч, Н.Удвал ч алдаж болохгүй. Эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсноороо хожино л гэхээс хохирохгүй. Дэлхийд ардчилалтайгаа харуулна. Сайхан далим болно. Тэгээд ч ер нь, Монголын төрийг эмэгтэй хүн, эх хүн барих цаг болсон доо. Эхээс төрөөгүй юм биш, энэ удаа түүнийг гаргаад ирэхэд гэмгүй байх.Эцгийн хатуу, ширүүн гар дор хэдэн зуун, мянганыг туулж ирсэн бидэнд эхийн хайрт умбах цаг ирэв үү гэхээр байна. “Ижийтэйгээ байхад би баян байсан. Ижийгээ үхэхээр гуйлгачин болсон. Гэхдээ үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон” гэдэг сайхан шүлэг бас бий. Улс, орон маань эхтэй болчихвол сайхан баймаар санагдсаныг нуух юун.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ