Японыг шуугиулж буй үлэмж биет монгол сумоч

{---left---}Энэ удаагийн башёд монголчууд ихээхэн ач холбогдол өгч ажиглаж байгаа бөгөөд энэ нь гурван монгол их аваргаас гадна үлэмж биет хэмээн япончуудын дунд ихэд алдаршаад байгаа Ичиножо Ичинноров анх удаагаа дээд зиндаанд барилдаж байгаа юм.
Тэгвэл башё эхэлснээс хойш 10 дахь өдрийн дараах байдлаар их аварга Хакухо М.Даваажаргал нэг ч унаагүй 10 даваатай хошуучилж байгаа бол их аварга Какүрюү М.Ананд нэг унаа есөн даваатай, Ичиножо А.Ичинноров нэг унаа есөн даваатай хошуучлагчдын эгнээнд башёг үргэлжлүүлж байна.
Тэдний араас найман даваа хоёр унаатай маэгашира Окиноуми бичигдэж байгаа нь дээрх гурван монгол бөхийн хооронд түрүү бөхийн төлөөх өрсөлдөөн өрнөх нь гэсэн магадлалыг ихэсгэж байна.
Энэ башёгоос монголчууд харамсалтай нэг мэдээ авсан их аварга Харумафүжи нүднийхээ доорх ясыг бэртээж доод тал нь нэг сар эмчлүүлэх шаардлагатай, мэс засал хийх бол гурван сар барилдах боломжгүй болоод байгаа юм.
Өмнөх тэмцээнүүдэд 12, 11, 10 даваа авч цомын төлөө өрсөлдөөн гаргаж чадаагүй их аваргыг маань сумогийн холбоо дараа жил гэхэд зодог тайлах тухай тулгаж магадгүй яриа ч гарч байна. Хүнд гэмтэл авсан манай бөхийн хувьд ч эргэн ирээд өндөр амжилт үзүүлэх нь эргэлзээтэй учир байдал хаашаа ч эргэж магадгүй байна.
Гэхдээ аваргуудын залгамж халааг үргэлжлүүлэхээр авьяаслаг залуу монгол сумочид шуугиан дэгдээж байгаа нь монголчуудыг баярлуулж байна.
Доод зиндаанаас орж ирсэн Тэрүнофүжи Ган-Эрдэнэ маэгашираг тэргүүлэн барилдаж байгаа нь ирэх жилийн өдийд гэхэд ямар ч цолонд хүрчихсэн байх магадлалтай, түүний араас шуугиан дэгдээж гарч ирж байгаа Ичиножо А.Ичинноров ч ирээдүйн их аварга гэгдэж байгаа юм.
Мэргэжлийн сумод дөрвөн башё барилдаад л дээд зиндаанд гарч ирсэн сумоч А.Ичинноровоос өөр байхгүй. Түүнийг өдгөө дараагийн ёкозүна гэдгийг хүлээн зөвшөөрч алдарт их аварга Китаноүми хүртэл “удахгүй Ичиножог ялах бөх байхгүй болно байх шүү” гэж хэлжээ.
Алтанхуягийн Ичинноров 1993 оны дөрөвдүгээр сарын 7-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. “Минато” дэвжээний бөх тэрээр сумод ирэхээсээ өмнө жүдо бөхөөр хэсэг хугацаанд хичээллэсэн байна. Харин Японы Тоттори дунд сургуулийн багш шавь хайж, Монголд ирэхдээ А.Ичинноровтой уулзаж сумод урвуулж чаджээ.
2010 онд Японд очсон манай бөх сонирхогчийн сумогоор хичээллэж ёкозүна цол хүртсэн. Сонирхогчийн сумогийн ёкозүна мэргэжлийн сумод орвол макүшитагийн 15-аас эхлэн барилдах эрхтэй байдаг.
Тиймээс А.Ичинноров сумод анх орсон цагаасаа дээд амжилт тогтоогоод байна. Тэрээр макүшитагийн 15-аас барилдсан анхны гадаад бөх, мэргэжлийн сумод элсээд дэвжээнийхээ хамгийн том цолтой бөх болсон нь анхны тохиолдол байв.
Түүнийг Япончууд “Монгол Барүто”, “Монголын үлэмж биет”, “Малчин сумо” гэж нэрлэж дараагийн их аварга болохыг нь хүлээж байгаа. Монголчууд бид ч А.Ичинноровоос ямар амжилт гарах бол хэмээн дотроо захыг нь мушгин суугаа юм.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ