Элэг нэгт монголчууд С вирусийг устгана

Монголчууд бүх л нарийн нандин зүйлээ элгээрээ төлөөлүүлж элэгтэйгээ холбож ярьдаг ард түмэн. Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон, элэг нэгт монголчууд, элгэн халуун нутаг минь гэхчлэн. Харамсалтай нь бид элгээ ингэж дээдэлдэг шигээ гамнаж тун чаддаггүй улс. 15 хувиас доошгүй нь гэж үзвэл 300-500 мянга орчим хөх толботнууд элэгний C вирусээр халдварлан шаналж байна.
Зөвхөн С вирус гэлтгүй элэг нь асуудалтай монгол хүний тоо үүнээс ч хавьгүй их. Бидний бор дарсанд шунамтгай, мах өөх тостой хоол их иддэг буруу зуршлаас авахуулаад соц нийгмийн үед шприцээ буцалгаад давтан хэрэглэчихдэг гэх мэт ядуу амьдралын харгайгаар элэгний өвчлөл тэр дундаа С вирусийн халдвар ийн үндэстний өвчин болжээ. Үүгээрээ ч монголчууд дэлхийд дээгүүрт ордог.
Гэхдээ бидэнд С вирусээс салж ангижран мартах ерөөл тавилан тун ойрхон байсан. Харамсалтай нь иргэнийхээ эрх ашгийн эсрэг олонтаа зогсдог төрийн "ач буян"-аар элгэндээ вирустэй, эмнэлэгтээ дугаарлаж үлдэх шахаад байна.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа элэг судлаач хүн тул С вирусийг монголчуудаас салгах талаар олон жил бодож явсан хүн гэнэ. Энэ хавар АНУ-ын эрдэмтэд С вирусийг бүрэн устгах хүчин чадалтай эм нээж бүхий л албан ёсны шат дамжлага туршилт тэргүүтнийг давж худалдаанд гарсан байна.
Үүнийг сонссон дэд сайд өөрийн биеэр тухайн эмийг үйлдвэрлэж буй компани дээр очиж гуйгаад тэрхүү эмийг зах зээлийн ханшаас нь 44 дахин бага үнээр буюу 1800 орчим ам.доллараар Монголд борлуулах болжээ.
ДЭМБ-тай хамжиж, дэмжиж байж буурай хөгжилтэй, хүн ам багатай учир шалтгаанаараа түрий барьж 80-аад мянган ам.долларын эмийг 1800-гаар худалдаж авна гэдэг цөөхөн хэдхэн оронд олдсон завшаан гэнэ.
Ингээд монголчууд тун удахгүй "Sofosbuvir" хэмээх эмийн буянаар С вирусээр өвчлөгсдийн 70-80 хувь нь бүрэн эдгэх байж. Улмаар дээрх эмтэй хавсарч бэлтгэсэн Sofosbuvir+Ledipasvir гэсэн нэгдлийг Монголд оруулж ирснээр эдгэх магадлал 95-99 хувьд хүрнэ гэж тооцоолсон байна.
Харамсалтай нь энэ баярт мэдээ төрийн буруу бодлого шийдвэрийн улмаас таг гацжээ. Эрүүл мэндийн яамны зүгээс гадаадад шинээр бүртгэгдсэн эмийг гурваас доошгүй жил тухайн оронд нь хэрэглэсний дараа Монгол Улсад оруулна гэсэн журмыг мөрддөг.
Үүнийг үндэс болгосноор бидний С вирусээс ангижрах хүсэл зүүд болсон байна. Дэд сайд Ж.Амарсанаа "Монгол Улсын үндэсний эрх ашиг гэж нэг юм байдаг шүү, зайлшгүй шаардлагатай үед гурван жил гэдэг энэ заалтыг хүлээхгүй байх нь зөв, хорт хавдрын маш сайн эм гарчихаад байхад бид энэ журмаа дагана аа гээд гурван жил хүлээгээд байх уу. Хавдартай хүмүүсээ харсаар байж алдсаар суух уу. Монголчуудын нэг номерын өвчлөл элэгнийх болчихоод, нөгөө талд элэгний сайн эм гарчихсан байхад гурван жил хүлээж бай, журмаа барина гээд явж байдаг нь ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй яамны хувьд хэр зохистой вэ" хэмээн яамныхандаа хэлсээр байтал таг гацжээ.
Арга ч үгүй биз дээ. Эрүүл мэндийн салбар шиг дампуу салбар Монголд байхгүй. Тэнд дандаа л хурган дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй, албан тушаалтайгаа зууралдаж эмнэлэгээ хувьчлахаас наахнуур шуугиан дэгдээж өвчтнүүдээ үл хайхардаг улс бий.
Зүй ёсоор бол Эмийн тухай бодлого УИХ-ын намрын чуулганаар эцсийн хэлэлцүүлэгт ороод энэ журманд өөрчлөлт оруулбал сая нэг нааштай болох гэнэ. Гэвч хэзээ ч бодлого батлагдаж, хэзээ ч журам нь өөрчлөгдөх юм бэ, бүү мэд гэж сайд нь өөрийнхөө амаар хэлснийг би сонслоо. Харамсалтай.
Гэвч нийтлэлийн эхэнд дурдсан шиг элэг нэгт монголчууд нэгдэн нягтарч элэгнийхээ асуудлыг нааштай шийдэх боломж бололцоо бидэнд байгааг мартаж болохгүй.
Х.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ