Ач охинтойгоо гэрлэсэн Монгол хааныг япончууд онцолжээ

Японд Жунко Мияавакэ хэмээх зохиолчийн Асашёорюү яагаад хүчтэй болсон бэ? нэрт ном байдаг гэнэ. Тэрхүү номонд монголчуудын тухай сонин хачин зүйлс их байдаг аж.
Асашёорюү яагаад хүчтэй болсон бэ? гэсэн чинь Монгол эмэгтэй (Аваргын ээж ч гэсэн) мундаг юм байхаа. Олон монгол алдартай эмэгтэйчүүдийн тухай мөн, монгол япон соёлыг харьцуулж бичээд Япончууд Монголчуудаас сурах юм их бий гэдгийг онцолсон байна.
Монголчуудын гадаад харилцаан дээрээс сурах юм бүр ч их байдгийг тэмдэглэсэн байна лээ. Тэр номонд нэгэн хачирхал төрүүлсэн мэдээ байсан. Тэр нь Алтан хаан ач охинтойгоо гэрлэж байсан тухай. Монголчууд уг нь цус ойртохыг их цээрлэдэг байсан баймаар юм, гэтэл ач охинтойгоо гэрлэсэн байх юм.
Түмэдийн алтан хаан хадамд гарсан охиноос нь төрсөн ач охиноо хатан болгож авчээ.Тухайн үед ач охинтой нь гэрлэх гэж байсан өөр нэгэн язгууртан үүнийг эсэргүүцэж Алтан хаантай дайтахаар зэхэж гэнэ. Энэ үед Алтан хаан дайн тулаангүйгээр эв эеэр зохицуулахаар шийдэн өөрийн ахмад хүү нь хатан болгон буулгах гэж байсан өөр нэгэн охиныг өөрийг нь эсэргүүцсэн нөгөө залуу ноёнд эхнэр болгон өгчээ.
Гэтэл үүнд нь эгдүүцсэн ахмад хүү нь хятадын цагаан хэрмийг даван, Мин улсын хаанд эцэгтэйгээ үүсгэсэн заргаа мэдүүлэхээр одсон гэнэ. Мин улсын түүхэн сурвалжинд Алтан хааны ач охин хэрнээ Алтан хааны хатан болсон энэ бүсгүйг Гуравдугаар хатан гэж нэрлэдэг гэнэ.
Энэ эмэгтэй Алтан хааны хатан болмогцоо түүний хайрыг хамгийн ихээр татаж, улмаар бүх эрх мэдлийг өөртөө шилжүүлэн, хятадтай хийх наймааг гардан хийх болжээ. Тухайн үед Монголын бүх ноёд дээдэс Хятадтай наймаа хийхдээ заавал Алтан хаан болон түүний эхнэрээр дамжуулан хийдэг байв.
Ингэж байтал Алтан хаан таалал төгсч, Алтан хааны хайртай хатан (ач охин) нь Алтан хааныг залгамжласан хаан хүүтэй гэрлэж, эрх мэдлээ гартаа төвлөрүүлсэн хэвээр байжээ. Энэ үедээ шинэ нөхрөө маш их дарамталдаг байсан тул шинэ хаан архинд орж, удалгүй нас нөхцжээ.Ингээд хамгийн сүүлийн нөхрөөрөө хүүгээ сонгож, өөртөө эрх мэдлээ төвлөрүүлжээ.
Хятадын Мин улсын түүхэнд өвөөтэйгээ, нагац ахтайгаа, хүүтэйгээ гэрлэсэн энэ эмэгтэйн зоримог дайчин, нум сум харвахдаа сайн, өөрийн гэсэн цэрэг албатай байсныг нь тэмдэглэн үлдээсэн байдаг тухай энэ номонд дурджээ. Энэхүү ном нь Японд хэдэн жилийн өмнө бестселлер болж зохиолчдоо ихээхэн ашиг орлого өгсөн байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ