“Ард түмнийг солих хэрэгтэй”
2012 оны УИХ-ын сонгууль монголчууд бидний хувьд маш эмгэнэлтэй болж өнгөрсөн. Сонгуулийн үр дүн хэн хүний таалалд нийцнэ гэж юу байх вэ. Гэвч угаасаа бүтэх боломжгүй “утопи” үзэл санааг дэвшүүлсэн /Тавантолгой, Оюутолгой зэрэг стратегийн орд газруудыг 100 хувь ард түмний мэдэлд шилжүүлнэ гэж амласан/ МАХН сонгогчдын 20 гаруй хувийн саналыг авснаар үндсэндээ өнөөдөр үүсээд байгаа “гацаа”-ны эх үндсийг тавьсан гэж хэлэхэд буруудахгүй.
Цааш нь ухаад бодвол, улс төрд үүссэн хүндрэл бүхний эс ширхэг болгон нь сонгогчид өөрсдөө юм. ОХУ-ын нэрт жүжигчин С.Безруковын тоглосон “Хэсгийн байцаагч” гэж нэг кино бий. Тэр кинон дээр хамтралын дарга /найруулагч В.Меньшов/ “Ард түмнийг солих хэрэгтэй юм байна” гэж арга баран өгүүлдэг. Энэ бол үнэндээ Монголын төрийн эрхийг хуваарилаад байгаа сонгогчдод ганц тохирсон үг мэт бодогдоно.
Монголд өнөөдөр, нэг санаа, нэг зорилго, нэг удирдлага хамгийн чухал байна. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд, улс төрийн нэг нам Засгийн эрхийг авсан байх зайлшгүй шаардлагатай. Гэвч Монголд 1990-ээд оноос хойш хэзээ ч ийм нөхцөл бүрдэж байсангүй ээ. 1996 онд Ардчилсан нам парламентад 51 суудал авч, төрийн эрхийг залах үндсэн боломж бүрдсэн боловч 25 суудалтай хүчирхэг сөрөг хүчин болсонМАХН /тухайн үеийн нэрээр/ элдэв арга саам зохиож, Адчилсан намын гурван ч Засгийн газрыг огцруулан, дараагийн согуульд үнэмлэхүй олонхийн ялалт байгуулсан харамсалтай түүх байдаг юм.
Хэвлэлд бичсэнээр “2000 оны сонгуульд нэр дэвшсэн хар халзан бяруу ч ялалт байгуулах” нөхцөл тэр үед бүрдсэн байдаг юм. 2002 оны сонгууульд МАХН 72 суудал авч, бусад нь дөрөвхөн суудал авсан гашуун түүх бий. Үүний дараа л чухам, болдог бол ард түмнийг сольчихмоор санагдаж эхлэх болсон биз. Эдүгээ бидний “Гэрээ засаад төрөө засах болсон” гэж дүгнэж байгаа тэр хүмүүс чухам тэр үед хөрөнгө зөөрнийхөө ихэнхийг бүрдүүлж авсан нь гарцаагүй үнэн юм шүү. Энэ сонгуулийн дараа МАХН сонгуулийг мөнгөөр худалдаж авах аргыг хэрэгжүүлсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ