“ТВ 7 хоног”-ийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

Монголын тв хөтөлбөр бүхий ууган сэтгүүл “ТВ 7 хоног”-ийн V/13-19-ний өдрийн дугаар хэвлэгдэн гарлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорч байгаа энэ цаг үед “Халз мэтгэлцээн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлөх үү” гэсэн нийтлэл анхаарал татав. Телевизийн анхны халз ярилцлага 1960 онд АНУ-д болжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ж.Кеннэди, Р.Никсон нар телевизийн дэлгэцнээ анх удаа мэтгэлцэж, урьдчилсан судалгаагаар Р.Никсон ялах магадлалтай явж байсан ч телевизийн дуу, дүрсний давуу талыг ашиглаж чадсан Ж.Кеннэди иргэдийн саналыг эргүүлж, халз тулаанд ч, сонгуульд ч нэгэн адил ялалт байгуулсан удаатай.
Харин манай улсад Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч П.Очирбат, Л.Түдэв нарын дунд өрнөж, Л.Түдэв өрсөлдөгчөө басамжилсан шинжтэй байсан нь сонгогчид өрсөлдөгч П.Очирбатад саналаа урвуулах боломж бий болгосон гэдэг. Дараа нь 2009 оны сонгуульд Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын хооронд болсон мэтгэлцээнд хоёулаа нэлээд цэнэсэн, хэн нь хэнээсээ илүү болох ялгаа төдийлөн харагдахгүй байлаа. Үүнээс үзэхэд манай орны нөхцөлд халз мэтгэлцээнийг сонгуулийн хувь заяаг шийдэх хамгийн сайн боломж, шийдвэрлэх арга зам хэмээн үзэж болохгүй гэжээ.
Сэтгүүлийн дугаарын зочноор УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул уригджээ. Хагас зуун жилийнх нь ой тохиож буй тус театрын захирал, “сонгодог” гэдэг үг өөрөө манай үзэгчдийг бас тодорхойлж байгаа. Хөгжмийн боловсролтой, гоо зүйн мэдрэмжтэй, соёлтой “элит” үзэгчтэй газар. Сонгодог урлагийг тэр дундаа дуурь, балетыг мэдэрч, дурлаж үздэг үзэгч харьцангуй цөөхөн. Зөвхөн манай оронд биш дэлхийн бүх оронд адилхан. Тийм үзэгчдийг бид нэмэгдүүлэх ёстой. Хүүхдийн бүтээлийг дэмжих нь сонгодог урлагийн үзэгчдийг багаас нь бэлтгэхэд чухал ач холбогдолтой. Хүн болгон балетыг, дуурийг ойлгох албагүй л дээ. Гэхдээ бид бүх хүний өмнө манай тоглолтыг үзэх боломжийг нь ижилхэн тавьж өгөх ёстой гэсэн байна.
“Шаргал мэдээ” буланд дархан аварга Б.Бат-Эрдэнийн менежерээр МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн менежерээр даяан аварга Д.Сүхбат ажиллах болсон, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нөхөр хүүхдээ “Hero” интертаймэнтийн найруулагчаар солиогүй, авъяаслаг уран нугаараач Ж.Бямбасүрэн, Ж.Бямбажав нар “Камертон”-ы хамгийн хоёр мундаг гишүүний эхнэр болох гэж байгаа тухай зэрэг олон сонирхолтой мэдээ нийтэлжээ.
Мөн Лос-Анжелесоос ирж, “Реал Мадрид”-ад аз авчрагч болсон нэгэн эрийн аяллын тухай уншаарай. Өмнөд Солонгосын дуучин Psy комиксын баатар болжээ. Хойдынхон Ким Тэ Хиг хамгийн их үзэн яддаг гэнэ. “Ларьдма” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Д.Пүрэвсүрэн улам үзэсгэлэнтэй болсоор байгаа, жүжигчин Б.Навчаа сүүлийн үед төрөл бүрийн бүжиг руу хазайх болжээ.
Монголчуудын өмнө нээлттэй 31 теле сувгаас хэзээ, ямар нэвтрүүлэг, кино үзэхээ “ТВ 7 хоног” сэтгүүлийн шинэ долоо хоногийн дугаараас төвөггүй сонгож болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ