Бичлэг дээрх алуурчныг хэн болохыг тогтоожээ

Наймдугаар сард "Лалын улс"-ын террористуудын гарт хамгийн түрүүнд цаазлагдсан хохирогч бол Америкийн сэтгүүлч Жеймс Фоли. Түүнээс хойш террористууд Америкийн сэтгүүлч Стивен Сотлофф, Британийн хүмүүнлэгийн ажилтан Дэвид Хейнс нарыг цаазалж буй дүрс бичлэгээ интернэтэд байршуулсан юм. Үүнтэй холбогдуулан Холбооны мөрдөх товчооноос бичлэгийг шинжлэн шалгасаар анх удаа баттай мэдээлэл албан ёсоор ил болгож байна.

Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми өчигдөр хийсэн мэдэгдэлдээ "АНУ болон Британийн иргэдийг цаазалж буй гурван дүрс бичлэг дэх террористыг нэг хүн болохыг бид тогтоолоо, мөн энэ хүнийг хэн болохыг ч бид баттай олж мэдсэн" хэмээсэн юм.

Энэхүү шуугиант мэдэгдэлтэй холбоотойгоор олон улсын хэвлэлүүдэд гарч буй мэдээллийг тоймлоё. Хамгийн түрүүнд урган гарч буй асуулт бол "Үнэн үү?". Үнэхээр Холбооны мөрдөх товчооны ажилтнууд бичлэгийг шинжилж үзээд дуу хоолойгоор нь харгис террористыг хэн болохыг мэдлээ гэж үү.

Энэ асуултын хариуг Хаффингтон пост сонин ингэж өгчээ. Товчооныхон дуу хоолойгоор нь олж тогтоох энэ байтугай хэцүү сорилттой нүүр тулгарсаар яваа. Бичлэг дээрх нэг эргэлзээтэй зүйл бол алуурчин этгээд багтай байгаа явдал юм.

Амны хайрцгийг давхар шинжлэх ёстой байдаг тул багтай этгээд хоолойгоо бага зэрэг өөрчилж ярьж байна уу, эсхүл үгүй юу гэдгийг тодорхойлоход төвөгтэй болно. Бусдаар бол ямар ч асуудалгүй байх хэмжээнд Мөрдөх товчооны ажилтнуудын туршлага, технологи хүрч очсон. Тиймээс багтай террористыг хэн болохыг мэдсэн нь гарцаагүй гэжээ.

Тэгвэл CNN агентлагийн уламжилснаар бол багтай этгээдийг хэн болохыг олж тогтоосноор "Лалын улс"-ын зүрхэнд нэвтэрнэ гэжээ. Орчин үеийн олон нийтэд хүчтэй нөлөөлөх хэрэгсэл болоод байгаа интернэтийг ийнхүү ашиглаж бичлэгээ цацаж байгаа нь нэг ёсондоо "Лалын улс" бүлэглэл ингэж хүчээ авахад нэмэр болж нөлөөлж байна.

Тиймээс мэргэжилтнүүд бичлэг тавьсан интернэтийн сүлжээнд илүү жинтэй мөрдлөг явуулж байгаа. Тэдгээр бичлэгүүдийг дэлхийн хаанаас интернэтэд оруулж байгааг, тэр цэгт чухам ямар хүмүүс байгааг олж мэдэх нь дуу хоолойны шинжлэлээс илүүтэй чухал. Мөрдөх товчооныхон ч ингэж ажиллаж байгаа нь дамжиггүй гэжээ.

Хамгийн сүүлд Францын жуулчныг Алжирт байхад нь барьцаалж мөн л цаазлахаар сүрдүүлсэн. Үүндээ ч хүрч харин Францын Гадаад хэргийн яамнаас террористуудын тулган шаардалт манай гадаад бодлогод нөлөөлөхгүй хэмээн мэдэгдсэн нь Францад төдийгүй олон улсад эсэргүүцэлтэй тулгараад байгаа.

Францын олон нийт барьцаалагдсан иргэнээ аврах талаар ямар ч санаачилга гаргасангүй хэмээжээ. Иргэндээ санаа тавихынхаа оронд юу болохыг хүлээж суусан хэмээн Францын ерөнхийлөгч Франсуа Олландыг буруутгажээ. Үнэхээр ч Олланд НҮБ-ын чуулганд оролцох үеэрээ "Лалын улс"-ынхан Францын иргэнийг цаазалсныг бататгасан юм.

Тэгвэл сүүлд болсон явдлыг "Лалын улс"-ынхан үйлдсэн ч өмнөх гурван бичлэгтэй холбоогүй өөр газраас өөр хүмүүс бүлэглэлийн удирдагчдынхаа даалгавраар хийсэн тухай таамаглал ч гараад байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ