Цагдаа буудсан хүүхдүүдийг даваа гаригт шүүнэ

Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Төмөрчөдөрийн амь насыг хөнөөсөн 17-19 настай яллагдагчдийн хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд хянан хэлэлцсэн.

Хуралдаанаар цагдааг буудан хөнөөсөн Хапаар, Сапаргали, Сайгаш нарт ял оноох шийдвэр гарсан юм. Тодруулбал, насанд хүрсэн яллагдагч Хапаарт 23 жилийн хорих ял, Сапаргали, Сайгаш нь цагдаагийн амь насыг хөнөөхөд биечлэн оролцоогүй, дээрмийн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул 2 жилийн хорих ял, 1 жилийн тэнсэн харгалзах ял оноосон юм.

Тэгвэл уг хэргийг Нийслэлийн шүүхээр хянан хэлэлцэж, хэргийг дахин шалгах шаардлагатай гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан. Учир нь анхан шатны шүүхээс тэдэнд үүсгэсэн 91.2.1, 91.2.6, 91.2.12 зүйл ангийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзсэн юм. Цагдаагин байгууллагаас уг хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна. Дүүргийн Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд тэднийг ирэх даваа гаригт 13.00 цагаас шүүнэ. Хүүхдүүдийг 91.2.1, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.17, 185.1, 186.1, 145.2-т заасан зүйл ангиар буруутган шүүх юм.

Хапаар, Сапаргали, Сайгаш нар нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус сумын нутаг, Бүрэн хайрхан багт байрлах Бүрэн нэртэй авто сэлбэгийн дэлгүүрийг дээрэмдсэн хэрэг үйлдсэн. Дээрмийн хэрэг үйлдэхдээ гэмт этгээдүүдийг саатуулахаар очсон цагдаа нарыг “буудна шүү” гэж заналхийлсэн байдаг.

Улмаар Хапаар нь цагдаагийн дэд ахлагч Төмөрчөдөрийг буудаж, амь насыг нь хөнөөсөн юм. Хэрэг үйлдэх үедээ тэд 8,9, 11 дүгээр ангийн сурагчид байсан юм.

Амиа алдсан цагдаагийн дэд ахлагч Төмөрчөдөр нь 1990 онд төрсөн, ээж дүүгийн хамт амьдардаг байсан. Амиа алдахаас гурван сарын өмнө Ховд аймгийн цагдаагийн хэлтэст томилогдсон ажиллаж байсан шинэхэн цагдаа байсан юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ