Дарханд цэцэрлэгийн 60 хүүхэд хордож эмнэлэгт хүргэгджээ

Дарханд долдугаар цэцэрлэгийн 60 хүүхэд хордлого авч, халуурч, суулган эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ нь өчигдөр болсон явдал бөгөөд 100 гаруй хүүхэд эмнэлэгт хандаж одоогийн байдлаар 34 хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй аж. Харин юунаас үүдэж хүүхдүүд хордсон нь одоогоор тодорхойгүй, гэдэсний хурц халдварт өвчин туссан ба шалтгаан нь 2 хоногийн дараа тодорно гэлээ.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 23-25-ны өдрүүдийн цэцэрлэгийн өглөө, өдрийн хоол болон 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээ авч лабораторид хүргүүлээд байгаа аж.
Хичээлийн шинэ жил гарснаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд цэцэрлэгийн 69 хүүхэд, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд сургуулийн дотуур байрны 130 хүүхэд хүүхэд хордсон юм. Өмнөговь аймгийн Ханбогд сумын цэцэрдлэгийн 69 хүүхэд энэ сарын 04-нд хордож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед мөн л хүүхдүүд суулгаж, халуурч байсан юм. Хүүхдүүдийг ямар шалтгаанаар ийнхүү өвчилснийг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалган үзэхэд цэцэрлэгийн хүүхдүүд багш нараас халдварт өвчин халдсан байх өндөр магадлалтай нь тогтоогдсон юм. Шинжилгээгээр Цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний вирус илэрсэн.
Тэгвэл энэ байдал дахин давтагдаж байна. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин тандалт судалгааны албаны тархвар судлаачдын болон Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны баг, МХГ-ын улсын байцаагчид, лабораторийн эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Мөн аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ