Өнөөдөр дэлхийн аварга С.Цэрэнчимэд тэргүүтэй чөлөөтийнхөн барилдана

Азийн XVII спортын наадам найм дахь өдрөө өнөөдөр үргэлжилнэ. Өчигдөр боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д Инчеоны рингэнд гарсан ОУХМ Д.Отгондалай Туркменстаны боксчин Шохрат Дурдиевийг 3:0 харьцаагаар илүүрхэн хожлоо. ОУХМ Д.Отгондалай эхний даваанд хийлсэн юм.

Мөн81 кг-ын жинд манай боксчин С.Эрдэнэбаяр хүч үзсэн ч Узбекийн Ойбек Мамазулуновд ялагдсан бол 56 кг-ын жинд Н.Төгсцогт Туркменистаны боксчин Якуб Мередовыг 3:0-ийн харьцаагаар хожсон билээ. Өнөөдөр манай эмэгтэй боксчид хүч үзнэ. М.Нандинцэцэг -51-д, О.Сувд-Эрдэнэ -60-д, Э.Ундрам -75-д рингэнд гарч өрсөлдөгчидтэйгөө тулах бол эрэгтэйчүүдээс Б.Түвшинбат 69 кг-ын жинд тулалдана.

Мөн хөнгөн атлетик, буудлага, гольф, дугуй, ширээний теннис, боулингийн тамирчид тэмцээнээ үргэлжлүүлэх ба чөлөөт бөхийн тамирчид дэвжээнд гарна. Ташкентын дэлхийн аваргаар түрүүлсэн С.Цэрэнчимэд өнөөдөр барилдах ба Э.Нарангэрэл эмэгтэйчүүдийн 48 кг, Б.Номин эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ