Монголчууд багаар тоглож эхэллээ

Азийн зуны спортын XVII наадам буюу шар тивийн олимп БНСУ-ын Инчеон хотноо арав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн наадам Монголын баг тамирчдын хувьд эхний өдрөөс л медалиудыг бөөнөөр нь түүсэн, Азийн спортод зонхилогч улсын нэг болохоо харуулж чадсан, манай улсын спортын түүхэнд тодоор бичигдэн үлдэх тэмцээнүүдээр дүүрэн байна. Медалийн чанар, тоогоор Азийн спортын топ гурван орны дараа дөрөвдүгээрт Монгол улс тэмцээний дунд үе хүртэл бичигдсээр ирсэн.

Одоогоор манай тамирчид 4 алт, 4 мөнгө, 10 хүрэл, нийт 18 медаль хүртэж, багийн дүнгээр 45 улсаас 11-р байрт бичигдээд байна.

Мэдээж энэ амжилт нь Монголын багийн түүхэндээ Азийн наадамд гаргаж буй хамгийн том амжилт. Энэ амжилтын гараа бол яах аргагүй 2008 онд Бээжингийн олимпийн алдарт аваргуудын маань эхлүүлсэн алдрын замналаас эхлэлтэй.

Түүхэндээ анх удаа олимпийн аваргуудтай болсон нь монголчуудыг спортод илүү шунан дурлуулж чадсан юм. Үүний илрэл нь манай тамирчдын өнөөдрийн үзүүлж буй амжилт юм.

Азийн наадмын үеэр олон нийтийн дунд хүчтэй явж буй монголчуудын мессеж бол медалийн чанар тоогоор тэргүүлж буй улсуудын дундаас Монгол Улс шиг 3 сая хүн амтай орон байхгүй, хэрвээ хүн амын тоонд медалийн чанарыг харьцуулбал бид яах аргагүй Азид нэгдүгээрт жагсах нь гэсэн омогшил төрүүлсэн харьцуулалт байлаа.

Мөн энэ удаагийн наадмаас тэмдэглүүштэй хамгийн чухал зүйл бол жүдо, чөлөөт бөх, буудлага болон боксчдын тамирчдын үзүүлж буй зүй ёсны өндөр амжилтаас гадна Монголын сагсан бөмбөгчдийн гаргаж буй сэтгэл догдлуулсан гайхалтай тоглолтууд юм.

Өчигдөр сагсан бөмбөгийн спортоор монголчууд тив дэлхийд ямар байсан, өнөөдөр яаж тоглож, ямар байгааг харьцуулж харсан хэн ч атугай багийн спортоор Монгол улс явдаггүй гэсэн уламжлалт ойлголт ард үлджээ гэж бодох нь дамжиггүй.

Үнэхээр багийн спортыг монголчууд тоглож хөгжүүлж чаддагийг, улмаар гадныхантай гал гарсан өрсөлдөөн гаргаж чаддагийг Т.Санчир, Б.Билгүүн тэргүүтэй эрэгтэй сагсчид болон хэсгээ тэргүүлэн медалийн төлөө өрсөлдөх гэж буй эмэгтэй сагсчид маань харуулж байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ