Борлуулагчийг хайх ажил 15 дахь хоногтоо үргэлжилж байна

АПУ компанийн борлуулалтын ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа энэ сарын 15-наас хойш үргэлжилсээр байна.
Эрэн хайх ажиллагаанд цагдаагийн 450 алба хаагчид оролцож байгаа юм. Хонхор, Гачуурт, Улиастай, Хужирбулан, Богд уулын ар хэсгээр самналт хийж эрж хайсан боловч сэжигтэй ул мөр олдоогүй байна. Тиймээс эрлийн ажлыг улс даяар явуулж эхэлжээ.
Хамгийн сүүлд УНК 2983 гэх улсын дугаартай микробустай Хужирбулан, Гачуурт, налайхын чиглэлд борлуулалт хийхээр явсан юм.
Борлуулагч хийхийн зэрэгцээ АПУ компанийн “Ариун алтан тэвш” гэрээт борлуулалтын дэлгүүрийг ажиллуулдаг байсан тул биедээ 4 орчим сая төгрөг болон, 7-8 сая төгрөгийн бараатай явж байсан гэх мэдээлэл байгаа. Алга боллоо гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад хамгийн анх гэр бүлээс нь өгсөн гэж байна.
Алтанхуягийг 14 хоногийн турш эрэн хайсан боловч авто машин нь ч олдоогүй байгаа юм. Хамгийн сүүлд Улаанбаатарт орж ирэх замдаа хувийн ШТС-ын камерт бичигдсэн дүрс бичлэг нь л байгаа юм.
Алга болсон иргэн Сүхбаатар аймгаас гаралтай. Хоёр жилийн өмнө нийслэлд суурьшсан байна. Тиймээс Сүхбаатар аймгийн ойролцоо Дорнод, Хэнтий аймаг болон нийслэлтэй ойролцоо Төв аймаг зэрэг явсан байх магадлалтай газруудаар эрэн сурвалжилж байгаа юм.
Алга болох үедээ богино шар хүрэм, дотуур энгэрээрээ саарал оруулгатай цэнхэр цамц, шар өмд, хар саравчтай малгайтай явсан байна. Машины улсын дугаар болон алга иргэнтэй холбоотой мэдээллийг цагдаагийн 102 утсаар өгч болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ