Оргодлуудын нэгийг барьжээ


Цагдан хорих 461-р ангид хоригдож байсан сэжигтэн Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар энэ сарын 4-ний өглөө оргон зайлсан хэрэг гарсан.
Тэднийг эрэн хайх ажиллагаа орон даяар явагдаж байсан бөгөөд өчигдөр орой 18.00 цагийн үед Б.Амарбаясгаланг “Бөмбөгөр” худалдааны төв орчимд явж байхад нь баривчилжээ. Тэрбээр хулгайн хэргээр шалгуулж байсан бөгөөд хэрэг нь хүндрүүлэх нөхцөлтэй учраас Эрүүгийн хуулийн 145.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм байна.
Харин одоо түүнд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан гэх хэргийн зүйл анги нэмэгдэх юм. Тус зүйл заалт нь 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай. Э.Вантөмөрийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ