Хятадуудыг хоолондоо гарсны дараа гал гарчээ

Паркын хажуу талын Шангрилагийн шинэ барилгад гал унтраах ангийхан нэмэгдүүлсэн хүчтэйгээр ажиллаж байгаа билээ.
Онцгой байдлын хоёр ангийн таван тасгийн найман машин, яаралтай түргэн тусламжийн баг ажиллаж байгаа бөгөөд барилгын хажуу талуудын гал унтарч, дээд давхрын багахан хэсэгт унтраагүй байгаа юм.
Онцгой байдлын газрын өргөгч крануудын шат нь 5 давхар хүртэл хүрч ажиллаж байна. 24 давхар барилгад гарсан галыг унтраахад галынхны шүршиж байгаа ус дөнгөж найман давхарт л хүрч байна.
Одоогоор барилгын гал өөрөө унтарч байгаа бөгөөд манай гал унтраах аврах ангийхны хэрэглэж буй техник, арга хэргэсэл хэтэрхий хуучин, хүчин чадал мөхөс байна гэдгийг энэ удаагийн гал унтраах ажиллагаа харуулж байна.
Барилгад гарсан гал анх 12 цаг өнгөрч байхад эхэлсэн бөгөөд энэ үед Хятад ажилчид дөнгөж хоолонд орохоор гарсан байжээ. Харин Монголчууд нь ажиллаж байсан гэнэ.
Гал унтраах багийг тэр даруйд дуудсан ба ОБГ-ын эхний баг 13 цагийн орчимд ирсэн гэлээ. Галын шалтгааныг ажилчид олон янзаар ярьж байгаа ч гагнуур хийж байсан тухай ч дурдагдаж байсан юм.
Уг барилга нь 500 сая ам.долларын өртөгтэй, бүтцийн хувьд хоёр хэсэгтэй бөгөөд нэгдүгээр хэсгийн барилгажилт 2014, хоёрдугаар хэсгийн барилгажилт 2015 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөөд байсан юм.
Нэгдүгээр хэсэг нь 24 давхар бүхий 275 өрөөтэй. Хоёрдугаар хэсгийн барилгажилт нь 24 давхар оффисын цамхаг, “Valley Wing” нэртэй 34 давхар 200 өрөөтэй өндөр зэрэглэлийн зочид буудал болон сервис апартмент, 5 давхар худалдаа, үйлчилгээний хэсэгтэй байх бөгөөд худалдаа, үйлчилгээний хэсэгт 8 танхимтай кино театр, электрон тоглоомын танхимаас бүрдэх юм.













Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ