Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад өрсөлдөгчдийн мөрийн хөтөлбөрийг пүрэв гарагт танилцуулна

Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт хотын Цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилно гэж заасны дагуу уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах салбар комиссыг Нийслэлийн болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан тогтоолоор байгуулж, сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан.2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын сонгон шалгаруулалтын бүртгэл явагдлаа. Сонгон шалгаруулалтад оролцохоор 6 хүн материалаа ирүүлснээс зарлагдсан ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан дараах 4 хүнийг бүртгэсэн байна.
- Сандагийн Отгонбаатар
- Дамбийнямын Цэрэндорж
- Чойжанцангийн Болдбаатар
- Жамъянсэнгээгийн Эрдэнэболд нар Улаанбаатар хотын Цагдаагийн даргын албан тушаалд нэр дэвшлээ.
Харин Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд нэр дэвшигчдийн шууд халз ярилцлага, мэтгэлцээн 10 дугаар сарын 05-ны өдөр UBS телевизээр 21 цагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ