Б.Алтанхуягийн цогцсыг уурхайгаас оллоо

{!!!right!!!}Юуны өмнө харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа уншигчдаасаа хүлцэл өчих нь зөв болов уу.“АПУ” компанийн гэрээт борлуулагч “Ариун Алтан тэвш” дэлгүүрийн эзэн Б.Алтанхуяг гэх залуу алга болоод 15 хонож байна. Б.Алтанхуягийг эрлийн багийн 400 гаруй цагдаа Богд уулыг самнасан ч олоогүй.

Хэрэгт БЗД-ийн Эрүүгийн цагдаагийн тасгаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг гарган мөрдөх ажлыг явуулж байсан. Сураггүй алга болоод 15 хоносон учир цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааг улс даяар эхлүүлээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр 16.00 цагийн үед Б.Алтанхуягийн цогцсыг Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах уурхайгаас олсон байна.

Цагдаа нар ашиглагдахаа байсан далд уурхайгаас 10 илүү хоногийн өмнө амиа алдсан эрэгтэй хүний цогцос олсон ба улмаар Б.Алтанхуягийн ар гэрийнхнээр цогцсыг таниулж мөн болохыг нь тогтоожээ.

Энэ тухай талийгаач Б.Алтанхуягийн ар гэрийнхэнтэй холбогдож тодруулахад “Цагдаагийн байгууллага амиа алдаад 10 гаруй хоносон эрэгтэй хүний цогцос олсон тухайгаа бидэнд мэдэгдсэн. Тэгээд таниулах ажиллагаа явуулсан. Тэр цогцос нь манай хүний цогцос мөн байна. Эдэлж хэрэглэж, өмсөж, зүүж явсан бүх зүйл нь таарч байна.

Гэхдээ задлан шинжилгээгээр бүр нарийн сайн тогтоогдох байх” гэлээ. Ар гэрийнхнийх нь өгсөн тайлбараас харахад Б.Алтанхуягийн цогцсыг эдэлж хэрэглэж байсан зүйлээр нь таньсан гэж байна. Тэгэхээр түүнийг алуурчин танигдахгүй болгож хөнөөжээ.

Б.Алтанхуяг есдүгээр сарын 15-ны өдөр 11:00 цагийн үед “УНК 2983” дугаарын ачааны саарал микро автобустай гэрээсээ гарч Хонхороос Гачуурт чиглэлийн дэлгүүрүүдэд бараа тарааж яваад сураггүй алга болсон юм.

Алга болох үедээ ганцаараа явсан гэх бөгөөд 6-7 сая орчим төгрөгийн бараатай, биедээ 3-4 сая орчим бэлэн мөнгөтэй явж байсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр эхний гурван дэлгүүрээр ганцаараа явсан мөртлөө дөрөв дэх дэлгүүрт хар шилтэй, хар малгайтай сэжиг бүхий хүнтэй хамт явсныг гэрчүүд ярьжээ.

Б.Алтанхуяг нь гэр амьтай, эхнэр хүүхдээсээ нэг ч удаа холдон хоногоор явж үзээгүй тул ар гэрийнхэн нь алга болсон даруйд нь санаа зовж цагдаагийн газарт мэдүүлсэн байдаг.

Хамгийн сүүлд түүний гар утаснаас тухайн өдрийн 16.00 цагийн орчимд эхнэрийнхээ утсанд "Одоохон" гэсэн ганцхан үгтэй мессеж бичсэн аж. Мессеж бараг бичдэггүй, шууд залгаж ярьдаг хүн ийнхүү учир битүүлэг мессеж бичсэн нь гэрийнхнийх нь сэжгийг төрүүлсэн гэдэг.

Өчигдөр Б.Алтанхуягийн гэр бүлээс хэвлэлийнхэнд хандан хурал хийж "Манай хүн амьд мэндолдвол бид хэнээс ч гомдол нэхэхгүй" хэмээж байлаа.

Тэгвэл алга болсон Б.Алтанхуягийн цогцос ийнхүү уурхайгаас олдож санаатайгаар хүний аминд хүрсэн гэмт хэргийг цагдаа нар мөрдөж эхэллээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ