М.Тулга хэвтэрт оржээ

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад 3.6 тэрбум төгрөг шамшигдуулсан гэх хэрэгт Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг холбогдуулан АТГ-аас саатуулан хорьж шалгаж байна. Тэгвэл сэжигтэн М.Тулгын биеийн байдал хүндэрч хэвтэрт оржээ. Өнгөрсөн баасан гаригт Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд тэднийг батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцэх шүүх хурал болсон дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Хурлын үеэр М.Тулгын өмгөөлөгч Ц.Баасандорж М.Тулгын биеийн байдал тааруу байгаа гэх нотлох баримтыг шүүгчдэд танилцуулсан ч хүлээн аваагүй үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан. М.Тулгын биеийн байдлын талаар түүний ээж М.Эрхэмхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүгийн тань биеийн байдал тааруу байгаа гэж байсан. Ер нь ямар өвчтэй юм бэ?

-Бие нь маш хүнд, явж чадахгүй, хэвтэрт байгаа. Нуруу нугасны гэмтлээсээ болоод зүүн хөл нь мэдээгүй болсон. Бие нь муудаад явж чадахгүй байхад нь комисс ирж үзээд “Зүгээр байна” гээд явсан байсан гэсэн. Ер нь өвчтэй байсан. Монголд эмчлэгдэх боломжгүй. Заавал гадаадад эмчлүүлэх шаардлагатай. Тэгээд миний хүү боломж олдохоор гадаадад эмчлүүлнэ гээд л яваад байдаг байсан. Заримдаа хөл нь гэнэт мэдээгүй болоод аав дүү нараараа машин тэргээ бариулдаг байсан. Хүү минь тэр харанхуй газар яаж өвдөж шаналж байгааг би мэдэж байна. Хүүгээ тэнд өвдөж байгааг гэж санаа зовохоос биш өөр юу ч хийж чадахгүй байна.

-Эмнэлэгт хэвтүүлэх хүсэлт гаргасан уу?

-Өнөөдөр /өчигдөр/ эмнэлэгт хэвтэж байгаа учраас уулзаж чадсангүй. Бид цагдан хорих ангийн даргад биеийн байдал нь муудчихлаа, уулзуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Хорих ангийн эмнэлэгт байна.

-Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг хэр үйлчилгээтэй вэ?

-Надад тэр талаар мэдэх юм алга. Ер нь хийж бүтээе гэсэн ид залуу насандаа явандаа залуучуудын урмыг мохоох гэсэн шиг хорьж цагдаад байх юм. Одоо гадуур хүртэл намайг хүүтэйгээ мөнгө нийлж идсэн гээд л ярьж байна. Миний хүү хорин хэдхэн настай. Дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа хүүхдүүд юугаа идэж уух юм бэ. Үнэхээр гомдож байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ