Намрын чуулган эхэллээ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ удаагийн ээлжит чуулган хөрш орнуудын тэргүүнүүдийн айллалын дараа тусламж, хамтын ажиллагааны их үүцийг задлах зэрэг улс орны амьдралд чухал олон асуудлыг шийдэх ихээхэн онцлогтой чуулган болно.

Манай улсад айлчлаад буцсан Хятад, Оросын төрийн тэргүүнүүдийн амласан зээл тусламжийг хэрхэн яаж зарцуулах, бүхэл бүтэн улс орныг хөгжил дэвшлийн замд нь хөл алдуулахгүй байхуйц шар тос дагуулсан хамтын ажлуудаа хэрхэн яаж явуулахыг энэ чуулган шийднэ. Чухамдаа үүцийг яаж задлах, тусламжийг хэрхэн чулуу болгох вэ гэдэгт л одоо батлах хуулиуд онцгой нөлөө үзүүлнэ.

УИХ-ын дарга З.Энхболдын хаврын чуулганыг хааж хэлсэн үгийг энд дахин сануулая.

Тэрээр “Хяналтын тухай”, “Газрын тосны тухай”, “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон “Чиглэл өгөх тухай” зэрэг хэд хэдэн хууль, тогтоолын төслүүд эргэж буцаж цаг хугацаа ихээхэн алдсаныг тэмдэглээд энэ нь Засгийн газраас өргөн баригдсан зарим хууль, тогтоол дутуу дулимаг боловсрогдсон төдийгүй УИХ дахь нам, эвслийн бүлэг, гишүүдийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгаатай холбоотойг анхааруулсан.

Мөн гадаад валютын орлого төсөөлж байснаас илүү багасч, төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж, бодит салбарт олгосон зээлийн чанар муудах төлөвтэйг ч сануулж гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан өнөөдрийн нөхцөлд уул уурхайн салбарын өсөлтөөр дэмжигдсэн эдийн засгийн өндөр өсөлтийг хэвээр хадгалах гэж оролдсон нь төлбөрийн тэнцэл алдагдах, төгрөгийн ханш унах, инфляци нэмэгдэх үндэс болсыг онцолсон.

Тиймээс ч зээл олголтыг хязгаарлах нь бодит эдийн засагт, тэр тусмаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүнд тусна гэдгийг ойлгож байгаа ч эдийн засгаа бүхэлд нь хямралд оруулахаас арай дээр хувилбар гэж үзэж байгаагаа дурдсан нь олон нийтийн анхаарлыг яах аргагүй татаж байлаа. Чингээд тэрээр иргэд, аж ахуйн нэгж үүнийг ойлгож, богино хугацаанд тулгамдаж байгаа эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулахын төлөө сэтгэл, зүтгэл нэгтэй ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Хаврын чуулганы төгсгөлд түүний хэлсэн үг бодит үнэнийг хатуухан шүүмжилсэн үг байлаа. Тиймээс ч З.Энхболд даргатай "ангийнхан"-д энэ удаа хаврын чуулганд дутуу дулимаг үлдээснээ нөхөх багагүй хариуцлага оногдож байгаа.

Тэдний нэн тэргүүнд хэлэлцэх асуудал нь Ерөнхий сайдын өргөн мэдүүлэх Засгийн газрын бүтцэд оруулах өөрчлөлт юм. Олны анхаарлыг ихээхэн татаж байгаа энэ асуудалд сайдуудын хэн нь үлдэж, хэн нь явах вэ гэдэг одоо ч асуулт дагуулсаар.

Үүний дараа бүтэн хаваржин улстөржилтдагуулсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батална. Төсөлд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шугамыг 1435 мм, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд- Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шугамыг 1520 мм-ийн царигтай барихаар тусгаад байна.Гэхдээ царигийн хэмжээг энэ хэвээр нь батлах уу, өөрчлөх үү гэдэг санал хураалтаар эцэслэгдэнэ.

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд

1.“Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”- ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

2.“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

З.Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;

4.“Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5.Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;

6.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл;

7.Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл;

8.Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл;

9.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

10.Худалдааны тухай хуулийн төсөл;

11.Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл;

12.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл;

13.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл;

14.Гэмт хэргийн тухай хуулийн төсөл;

15.Зөрчлийн тухай хуулийн төсөл;

16.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл;

17.Монгол хэлний тухай хуулийн төсөл;

18.“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

19.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

20.Хяналтын тухай хуулийн төсөл;

21.Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл;

22.Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;

23.“Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

25.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд;

26/бусад.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ