“School police” төслийн ажлыг шалгажээ

Нийслэлийн цагдаагийн газар, Монголын сурагчдын холбооны дэргэд “School police” төсөл, журмын хэрэгжилт, үйл ажиллагаа, үр дүнд хяналт тавих, эргүүлийн үйл ажиллагааг тасралтгүй, идэвхтэй гүйцэтгүүлэх зорилгоор “School police төв”-ийг байгуулан ажиллаж байгаа билээ.
Энэхүү ажилтай газар дээр нь очиж танилцах, заавар зөвлөгөө өгөх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, “School police төв”-төй хамтран Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 50 орчим сургуулиудаар яваад байна.
Уг сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, эргүүлд ажиллаж буй эцэг, эхчүүдтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад дараах нийтлэг зөрчил дутагдлууд илэрсэн.
Тухайлбал, “School police” эргүүлийг зөвхөн зам дээр зогсоож ажиллуулах, зохицуулалт хийх, багш, иргэд өөрсдөө зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах ажил гэж ойлгох явдал байдаг.
Гэтэл “School police” журам дээр эргүүлд ажиллах иргэд олон төрлийн үүрэг гүйцэтгэх тухай заасны зөвхөн нэг нь “Хичээл орох болон тарах цагуудад сурагчдыг сургуулийн орчинд байгаа /сургуулийн бүсэд хамаарах/ замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байна.
Эргүүлд ажиллаж буй иргэдийн цаг ашиглалт муу, тэдний хийх зүйлийг сургуулийн зүгээс сайн тайлбарлаж өгөөгүй, зохион байгуулалт хангалтгүй, эцэг, эхчүүд өөрсдөө идэвхгүй оролцох, зарим нь бүртгүүлчихээд явах, ажилласан тухай тэмдэглэлээ бичихгүй, эсвэл дэлгэрэнгүй, тодорхой бичихгүйбайгаа зүйл ажиглагдаж байжээ.

Дээрх ажлын хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ сургуулийн орчинд гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан тохиолдолд мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлнэ гэсэн заалтын хүрээнд сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, үйлчилгээний цэг,цахим тоглоомын газрууд нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журмыг зөрчин ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, мэдээлэл өгөх зэргээр ажиллаж болох юм.
Энэ талаар хяналт шалгалтын явцад эргүүлд гарч буй иргэдэд заавар, зөвлөгөө өгч хамтран сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, цахим тоглоомын газруудад хяналт тавьж ажиллахад хүнсний дэлгүүр 4, цахим тоглоомын 3 газарт зөрчлийг илрүүлэн, сургуулийн хашаан дотор бага насны хүүхдийг дээрэлхэж, зодож байгааг газар дээр нь таслан зогсоож,зохих хуулийн дагуу арга хэмжээ авхуулахаар хариуцсан нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж ажилласан байна.
“School police” эргүүлийг идэвх, санаачлагатай, үр дүнтэй зохион байгуулж буй сургуулийн удирдлагууд ч байна. Тэд эргүүлийн хуваарийг сар, улирал, жилээр нь гаргаж, эргүүлд гарах иргэдэд мэдэгдэх хуудас хүргэж, гарын үсэг зуруулан баталгаажуулж, эргүүлд гарах үед нь үдийн цайны амталгаа, халуун аарц, чацаргана өгөх, заавар зөвөлгөөг тогтмол өгч, эцэг, эхчүүд ч эргүүлдээ идэвх, санаачлагатай ажиллаж хулгай, танхайн гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоож ажиллажээ.
Арга хэмжээ цаашид үргэлжлэн нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулах гэнэ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ