Монголын бас нэг эмгэнэл

Монголын нийгэмд хүүхэддээ “алган боов хүртээх” нэрээр зодож шийтгэдэг гэх эцэг эхчүүдийн эгнээнд нялх үрсээ хүний өөрийн гэлгүй тамлан зовоогчид нэмэгдсээр л...
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын эхээр Сонгинхайрхан дүүргийн иргэн Т гэгч долоон настай хүүгээ гурван цагийн турш зодож, танхайрсан хэрэг гарсан.
Долоо настай Э хүүгийн хойд эцэг болох Т халаасанд нь байсан 1200 төгрөгийн 300 төгрөгийг нь авсан хэмээн зодсон гэдэг. Оройн 22.00 цагаас шөнө дөл хүртэл бяцхан хүүг зодож тамлахдаа тэрээр тэлээгээр ороолгож, халуун галаар түлсэн байв. Хөрш айлын эмэгтэй тухайн үед гэр бүлийн хүмүүс хоорондоо муудалцсан байх гэж бодоод өнгөрсөн ч цаг гаруй хугацаа өнгөрөхөд хүүхэд уйлж, тусламж гуйсаар байсан тул гэрт нь дайрч орсон аж. Түүнийг ороход хүү цус алдаж, толгой нь хагарч, хүзүү гар, бүх бие нь шарх сорви болсон байжээ. Гэтэл ээж нь хүүг аврахаар орсон бүсгүйг “Чамд хамаагүй” гэж гэрээсээ хөөсөн тул бүсгүй цагдаа болон Түргэн тусламж дуудсанаар эл хэрэг олон нийтэд болсон. Дагавар хүүгээ хэвтэрт ортол нь зодсон Т гэгч одоо шүүхийн шийдвэрээр оногдсон ялаа эдлэхээр торны цаана хоригдож буй.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 10-ны өдөр ердөө 5-хан настай жаахан хүүг заазуураар хэрчсэн гэх аймшигтай мэдээлэл олныг цочирдуулж байна. Амьдралын сайн мууг ч гүйцэт ухаараагүй жаахан хүү аав ээждээ хаан мэт эрхлэх насандаа нялх биедээ ахадсан харгис тамлалыг төрсөн эцгээсээ амсчээ. Яаралтай түргэн тусламжийн дуудлагаар очсон эмч анх сонссон хүн чихэндээ ч итгэмгүй эл аймшигтай хэргийг талаар өөрийн Фейсбүүк хаягтай нийтэлсэн юм. Төрсөн эцэг нь гэх этгээд согтуудаа хүүг хазаж, гэмтээж, зодож, зүссэн гэнэ. Харгис эцэг нь үргэлж согтуу байдаг, 6 настай ахтай нь хамт шил, лааз түүлгэн олсон мөнгөөр архи авч уудаг. Уух бүрдээ өөрийг нь, ахыг нь, дүүг нь, ээжийг нь зоддог. Ээж нь хүүхдүүдээ аваад явах газар үгүйгээс согтуу нөхрийн гарын шүүс болон өдөр хоногийг өнгөрүүлж, тэвчээр нь барагдсан үедээ хэсгийн цагдаад хэлдэг гэх. Хэсгийн цагдаа согтуу нөхрийг нь 1-2 хоног саатуулж, архи нь гарсан одоо зүгээр, аваад яв. Гэр бүлийн дотоод асуудал өөрсдөө шийд гэсээр гэр лүү нь буцаадаг байжээ. Харин өнгөрөгч баасан гаригт согтуу нөхрийнх нь харгислал тамлал хэрээс хэтэрч, ийнхүү та бидний сэтгэлийг эмзэглүүлсэн аймшигт хэрэг олон нийтэд ил болж байна. Хамгийн эмгэнэлтэй нь жаал хүү аавдаа үргэлж зодуулж, түүнийгээ ийм л байх ёстой хэмээн эвлэрсэн гэдгийг түүний эмчтэй хийсэн бичлэгээс харагдах юм.
Хүүхэд гэдэг ээж аавын хайраас төрдөг амин эрдэнэ гэдэг. Гэтэл хайраас төрдөг амин эрдэнээ тамлан зовоосон тэр эцэг яагаад ийм аймшигтай хүн араатан болоод хувирчихав.Нэгэн ухаант хүний “Хүн бүр эцэг байж чадна. Гагцхүү жинхэнэ эр хүн л аав байдаг” гэсэн үгийг дурсахгүй байж чадахгүй нь. Хүүгээ зовоосон аав нэртэй араатан 40 гаран настай нэгэн. Монголчууд “Дөч гарсан эр, дөрөө дарсан ат” хэмээн зүйрлэдэг. Энэ л насанд эр хүний холч ухаан бүрэлдэж, гэр бүлдээ бүхнээ зориулж, үр хүүхэд, хань ижилдээ түшиг тулгуур нь болж явдаг.
Тиймдээ ч, гэр бүлээ эрхэмлэж, үр хүүхэд, хань ижлээ дээдлэн яваа олон сайхан аав нар бий. Тэднийг үгүйсгэж монголын бүх аав нарыг буруутгах гэсэнгүй. Харамсалтай нь хүүгийн аав тийм байсангүй. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг энэ аж. Энэ нь нөгөө талаар монголын өнөөгийн нийгэмд архидалт газар авч, архинаас үүдэлтэй гэмт хэрэг, хүчирхийлэл, гэр бүл салалт, үр хүүхэд өнчрөх болсны бодит жишээ. Нэгэнт олны анхаарлын төвд орсон хэрэг учир хүүгийн аавыг хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгаж, зохих хариуцлагыг нь үүрүүлэх нь дамжиггүй. Олны анхааралд өртсөн энэ мэт хэргийн буруутныг гэсгээж болох ч архинд живж, амьдралаа үгүй хийж байгаа хичнээн аав, хойд эцэг гэртээ хүчирхийлэл, харгислал үйлдэн үр хүүхэд, хань ижлээ зовоож суугааг таах аргагүй.
Жаал хүүгийн хувьд харгис эцгээсээ амссан бие сэтгэлийн зовлон арилж болох ч, зүрхэнд хоногшин үлдэх дурсамж нь насан туршийн хар толбо болон үлдэнэ. Тиймээс манай өнөөгийн нийгэмд хамгийн эрэлт хэрэгцээтэй хүн бол сэтгэл судлаач. Сэтгэл судлаачид хороо дүүрэгт, сургууль цэцэрлэгт, албан байгууллагад маш их хэрэгтэй байгаа. Учир нь архидалт, ажилгүйдэл, ядууралтай холбоотойгоор нийгмийн бухимдал ч эрс нэмэгдсэн. Архичдыг архины эмчилгээнд явуулж, архинаас гаргасан гэдэг тоо баримтаас илүүтэй тэдний сэтгэлгээнд өөрчлөлт оруулах цаг нь болсонд, нийгмийн ажилтнууд хийх учиртай. Хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж, уг үндсээр өөрчлөлт хийхгүй бол чихэндээ итгэмгүй, нүдэндээ ч харамгүй аймшигт хэргүүд гарсаар л байх болно.
Өнөөдөр монголын маань олон залуус энэ хүүд санаа зовж, тусалж дэмжихийг уриалж, буруутанд хариуцлага тооцохыг сануулж, фейсбүүкээр нэгдэж, цахим хаягаар үзэл бодлоо илэрхийлж байна. Энэ бол маш том алхам. Харин эрх баригчид энэ бүхнийг улс төржүүлэлгүй монголын ирээдүй иргэдийн төлөө хэмээн үзэж, зөв оновчтой шийдэл гаргана гэдэгт итгэж байна.
Н.Гэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ