Хан-Уул дүүргийн засаг даргын үйлдлийг ШӨХТГ-т шалгуулахаар ханджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн II, III хрооны оршин суугчид буюу олны нэрлэж заншсанаар Нэхмэлийн шар хэмээгдэх хуучны 2, 3 давхар байрны оршин суугчид төр болон хөрөнгө мөнгөтэй компанийн дарамт шахалтад эрх ашиг нь хохирч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан.
Тэгвэл Фүжи Холдинг компанийн зүгээс ШӨХТГ-т гомдол гарган Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуягийг шалгаж өгөхийг хүссэн байна.
Асуудлыг эргэн сануулбал Шинэ орон сууц барих тендерт Фүжи Холдинг ХХК, Орчлон констракшн ХХК өрсөлдөж Фүжи Холдинг нь монголчуудад хэдийнэ шалгарсан чанар болоод буй япон технологиор орон сууцнуудыг барина, тэр хугацаанд Нэхмэлийн шарын оршин суугчдад зах зээлийн ханшаар тооцон түрээсийн байрны мөнгийг олгон, улмаар орон сууцуудаа барьж дуусмагц өрх бүрт 8 метр квадрат талбай нэмж тооцон шинэ байрыг нь хүлээлгэж өгөхөө санал болгожээ.
Тэгвэл тэдний өрсөлдөгч Орчлон констракшн ХХК-ийн зүгээс албан тушаалтнуудтай л учраа олж байвал иргэдийн юу гэх нь хамаагүй гэсэн байдлаар харьцаж эхэлсэн нь Нэхмэлийн шаруудын оршин суугчдын дургүйцлийг хүргэжээ.
Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын байр болох олон давхар өндөр байрыг Орчлон констракшн барьж хүлээлгэн өгсөн. Гэтэл Засаг дарга нь нэг л компаниас зүүгдээстэй байгаад нь иргэд цаана нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байна хэмээн хардаж байгаа юм.
ШӨХТГ-т өгсөн Фүжи Холдингийн бичигд дурдсанаар "Тендерийг нээх хугацаанаас хоцорч ирж материалаа өгөхөөр завдсан Орчлон констракшны ажилтнууд Засаг дарга Ж.Ганхуягтай утсаар сая ярьчихлаа тендерийн материалаа үлдээгээд яв гэж байна хэмээн эрээ цээргүй аашлаж тэдний дунд ашиг сонирхлын зөрчил байгааг нотлосон үйлдэл гаргасныг дүрс бичлэгээр баримтжуулсан" гэжээ.
Тиймээс Орчлон констракшны талд илт үйлчилж байгааг шалгуулахаар ШӨХТГ-т хандаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ