13 мянгын машиндаа 800 мянгаар дугаар авчээ
Тайландын нэгэн оюутан залуу Бангкокт болсон дуудлага худалдаанд оролцон автомашины азын алтан дугаарыг 800 мянган доллараар худалдаж авав. Мань залуу тэр өндөр үнэтэй дугаараа өөрийн эзэмшилд байдаг 13 мянган долларын үнэтэй “Ниссан Альмера” загварын машинд зүүжээ.
Шашны хувийн сургуулийн оюутан залуу Тханапхат Тантисевекун Тайландын Засгийн газраас зохион байгуулдаг дуудлага худалдаанд оролцсон дөрөв дараалсан нэгийн тооноос бүрдэх дугаарыг өөрийн болгосон аж. “Надад аз дайрлаа. Үнэн хэрэг дээрээ би энэ дугаарыг авах гэж 1,5 сая доллартай ирсэн юм. Аз болж дөнгөж талыг нь үрэн таран хийлээ” хэмээн оюутан залуу томорчээ.
Тайландад 2000 оноос хойш жил бүр автомашины азын дугааруудыг дуудлага худалдаагаар худалдах болсон билээ. Баян хүмүүс азын дугаарыг их хэмжээний мөнгөөр худалдаж авахад бэлэн байдаг юм. Тэд ийм дугаарууд аз хийморь авчирна гэж үздэг байна. Хуучин бол ийм дугаарыг өөрийн болгох гэж Замын цагдаагийн газрын ажилтнуудад үлэмж хэмжээний авлига өгдөг байжээ. Дуудлага худалдаа явуулж эхэлснээр бүх орлого төсөвт орж, хүмүүнлэгийн үйлсэд зарцуулагдах болжээ.
Чинээлэг гэр бүлд өсч, хүмүүжсэн энэ оюутан залуу ихээхэн эдлэн газар, үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд гэр бүлийн гишүүд нь азын дугаар бүхий 10 машин эзэмшдэг гэдгийг өгүүлэв. Мань хүн цаашдаа ч азын дугаар худалдаалах дуудлага худалдаануудад оролцох болно гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр суудлын тэрэгнүүд ч гэсэн азын дугаар зүүх эрхтэй юм шүү гэж томорсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ