Хүнсний захууд шалгалтанд уналаа

“Нарантуул”, “Хархорин”, “Барс”, “Энхжин”, “Юмт Бөмбөгөр”, “Меркури”, “Эрдэнэбулган” зэрэг томоохон хүнсний захын 980 гаруй лангуу түрээслэгчдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгажээ. Шалгалтын явцад хэд хэдэн ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, “Нарантуул”, “Барс” захууд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, “Хүнсний бөөний агуулах” нь халаалтгүй, усан хангамжгүй, гэрэлтүүлэггүй, тоос шороотой стандартын шаардлага хангахгүй нь илэрчээ. Мөн хаяг шошгын шаардлага хангаагүй, импортын хүнс сав баглаа боодлын зөрчилтэй, хугацаа дууссан, хүнсний нэмэлт болон импортын янжуур тамхи нь онцгой албан татварын тэмдэггүй, Монгол улсад худалдан борлуулахыг зөвшөөрсөн тэмдэглэгээгүй гэсэн зөрчлүүд гарсан байна. Шалгалтын хариуг үндэслэн зарим аж ахуй нэгж,албан тушаалтанд хариуцлага тооцон, торгууль ногдуулсан байна. Түүнээс гадна “Нарантуул” захын өргөтгөлийн хүнсний худалдаа, “Барс”-ын төмөр чингэлэгийн хүнсний худалдааны үйл ажиллагааг түр зогсоосон байна. Хугацаа нь дууссан 21 төрлийн 2.5 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, зургаан нэрийн 241 ширхэг 1.05 сая төгрөгийн янжуур, дүнсэн тамхийг хурааж устгалд оруулахаар болжээ. Таван аж ахуй нэгжид 28.9 сая төгрөгийн, 44 иргэнд 7.4 сая төгрөгийн, найман албан тушаалтанд 30.6 сая төгрөгийн буюу нийт 53.09 орчим сая төгрөгийн торгууль ногдуулж, шошгын зөрчилтэй 171 нэрийн бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ