M.Тулгыг батлан даалтад гаргахгүй гэв

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг АТГ-аас саатуулан шалгаж байна.
Тэднийг 3.6 тэрбум төгрөг завшсан гэж АТГ-аас мэдэгдэн, цагдан хориод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд суурь өвчтэй байсан М.Тулгын бие муудаж хэвтэрт орсон талаар манай сайт мэдээлсэн.
М.Тулга нь 2010 оноос нурууны дискний мултралтай байсан бөгөөд хоригдож байх хугацаанд нь ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн харгалзагч өшиглөснөөс болж сэдрээд байгаа юм. Батлан даалтад гаргах асуудлыг Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд баасан гаригт хэлэлцсэн ч үргэлжүүлэн хорих шийдвэр шүүхээс гаргасан.
Тиймээс өмгөөлөгч Ц.Баасандоржийн зүгээс дахин батлан даалтад гаргах хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүх батлан даалтад гаргахгүй гэсэн хариу өгчээ. М.Тулгын биеийн байдал тааруу байхад цагдан хориод байгаа учир өмгөөлөгч Ц.Баасандорж ХЭҮК-т гомдол гаргаад байсан юм байна.
ХЭҮК-ийн алба хаагч хорих ангид очиж М.Тулгын нөхцөл байдалтай танилцаж, “Биеийн байдал нь тааруу байна. Анхаарч ажиллахыг хүсч” УЕПГ-т албан бичиг хүргүүлсэн байна. Гэвч УЕПГ, шүүх аль аль асуудлыг авч хэлэлцсэнгүй. М.Тулгыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа.
Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ