“Ахмадын баяр”-аар согтууруулах ундааны хэрэглээ хэтэрлээ

Сар бүрийн 1-нд согтууруулах ундаа худалддаггүй болоод нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ өдөр согтууруулах ундаа борлуулдаг байгууллага, дэлгүүрээр ороход ямар нэгэн зүйлээр бүтээсэн эсвэл хайрцаглачихсан харагддаг. Үнэндээ найр наадмыг тэмдэглэсэн шиг тэмдэглэдэг манай улсын хувьд энэ бол нүдээ олсон шийдвэр. Учир нь, Монгол Улсад сарын эхээр болдог баяр ёслол, тэмдэглэлт өдөр олон.

Тиймээс сар бүрийн 1 монголчуудын хувьд “Цагаан өдөр” болдог. Гэтэл сүүлийн үед сарын бүрийн эхэнд харин ч бусад өдрөөсөө илүү хөлчүүрхсэн хүн харагддаг боллоо. Ганц, хоёр хүнийг уух юмаа нөөцлөөд авчихсан гэж бодоход нийтээрээ ийм үзэгдэл гаргаж буйг юу гэж ойлгох вэ. Эсвэл хэн нэгэн эл өдрийг далимдуулан согтууруулах ундааг нууцаар дамлаад байна уу.

Нэгэн жишээ. Монгол Улс даяараа “Ахмадын баяр”-ыг уржигдар тэмдэглэлээ. Насныхаа амралтад гарсан ахмадаа залуучууд, байгууллага нь хүлээн авч урамшуулан цайлдаг уламжлал тогтсон. Үүний дагуу байгууллага бүр л багахан хэмжээний хүлээн авалт хийсэн нь хотын гудамж, олон нийтийн газар, нийтийн тээврээр зорчиж байгаа хүмүүсийг харахад илхэн.

Гэтэл энэ өдөр ахмадуудаа хүлээн авсан байгууллагууд тэднийгээ согтууруулах ундаагаар дайлсан бололтой халамцуухан яваа хүнтэй олон таарав. Хуулиа мэддэг бол, дүрэм журмаа дагадаг бол өндөр настнуудад согтууруулах ундаа өгөхийн оронд ганц өдөр инээд бэлэглэж, хошин шог, уран бүтээлийн тоглолт үзүүлсэн бол арай л өгөөжтэй баяр болох байлаа.

Б.Сэлэнгэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ