Эболагийн халдвар авах магадлалтай орнуудаар аялахгүй байхыг анхаарууллаа

Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Австри улсын ОУЭМД-ийг зохицуулагч байгууллагаас MERS-CoV вирүсээр үүсгэгдсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээллээ. Өвчтөн 29 настай, эмэгтэй. Саудын Араб улсын иргэн. Түүнд Саудын Арабад байх үед нь буюу 2014 оны есдүгээр сарын 17-ны өдөр амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг илэрч, долоо хоногийн турш өндөр халуурсан боловч эмнэлэгт хандаагүй байна. Халдвар авсан өвчтөн 2014 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс Австри улсын Вена хотын Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.
Мөн өвчтөний охин болон жолоочид нь хүнд амьсгалын дээд замын шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтүүлэн тусгаарлаж, эмчилж байгаа аж. Мөн ойрын хавьтлын 25 хүнийг илрүүлж, тусгаарлан хянаж, лабораторийн шинжилгээг авч эхэлжээ. Одоогийн байдлаар өвчтөнтэй хамт Саудын Арабаас олон улсын нислэгийн ниссэн зорчигчдын дунд судалгаа хийгдэж байна.
Эбола вируст халдвар АНУ-д зөөвөрлөгдлөө
ДЭМБ-аас 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр АНУ-д Эбола вируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн. Халдвар авсан хүн Баруун Африкт аялсан байжээ. Тэрбээр есдүгээр сарын 24-нд АНУ-д ирсэн бөгөөд дөрөв хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна.
Өвчтөн есдүгээр сарын 26-нд эмнэлэгт хандаж, 28-ны өдөр Техас мужийн Пресбитерийн эмнэлэгт тусгаарлагдсан байна. Өвчтөний сорьцыг лабораторийн шинжилгээнд хамруулж, Атланта дахь Өвчний хяналт сэргийлэлтийн төв болон Техас мужийн төв лабораторид оношийг баталгаажуулсан байна. Одоогийн байдлаар ойрын хавьтлыг илрүүлэх судалгаа хийгдэж байна. Өвчтөнтэй хамт Африкаас нэг нислэгээр ирсэн хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
Иймд вирусын гаралтай халдварт өвчин улс орон дамжин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсээр байгаа энэ үед өвчлөл бүртгэгдэж буй улс оронд аль болох аялахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас олон нийтэд сэрэмжлүүлж байна.
Тасалгаандаа цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулаарай
ХӨСҮТ-ийн Томуугийн тандалтын нэгжийн мэдээлснээр манай улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
• Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой тохируулан хувцаслах, даарч, хөрөхгүй байх,
• Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт хоёроос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээг хийж байх,
• Илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх,
• Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах,
• Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших,
• Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар шаардлагагүй бол аль болох удаан хугацаагаар явахгүй байх,
• Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр, нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх,
• Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах зэргийг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ