Гурван хүн дайран хэргийн мөрөө баллаж байгаад баригдлаа

Энэ сарын 11-нд гэр бүлийн гурван иргэнийг зам хөндлөн гарч байхад нь дайрч гэмтээсэн хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн замд дугаар, марк нь тодорхой бус автомашин гурван иргэнийг дайрч хүнд гэмтээсэн юм. Цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжлан аксент маркийн 3138 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 23 настай эрэгтэй Б гэгч нь жолоодож явахдаа үйлдсэн болох нь тогтоосон байна.

Сэжигтэн үйлдсэн хэргийнхээ ул мөрийг баллах зорилгоор тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангиудыг сольж засварласан байсан бөгөөд эвдэрсэн эд ангийг хаяхаар багажиндаа ачиж явж байжээ.

Харин осолд өртсөн гэр бүлийнхэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. 60 гаруй насны эмэгтэйн бөгсөн бие нь мэдээгүй болсон байна. Тэд хамаатных нь хүний бие өвдсөн учир ийнхүү хот руу явж байжээ.

Зам тээврийн осол, хэрэгт их бага хэмжээгээр эд мөрийн баримт болох эд ангийн хэсэг үлддэг. Ямарч эд анги, детал дээр эдийн код гэж зүйл байдаг бөгөөд үндсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг агуулж байдаг. Энэхүү мэдээллийг ашиглан энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлд дэвшилт гарч байгаа. Иймээс хэргийн газраас зугтсан этгээдийг хугацаа алдалгүй олж тогтоосон талаар Замын цагдаагийн газраас мэдээлсэн юм.

Мөн зам тээврийн гэмт хэрэг, осол нь санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Харин хэргийн газрыг орхин явсан, хүний амь нас, эрүүл мэндэд аюултай байдалд орхих нь санаатай гэмт хэргийн шинж чанарыг агуулж хуулиар хүлээлгэх хариуцлага хүндэрдэг юм. Иймд хөдөлгөөнд оролцож буй иргэд сахилга баттай, холбогдох эрх зүйн мэдлэгтэй, хүнлэг байж хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхийг ЗЦГ-аас анхаарууллаа.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ