“Богд хан төмөр зам” төсөл Азийн хөгжлийн банкнаас санхүүжнэ

Монголд нийтийн тээврийн хоёр дахь урсгалыг бий болгож, нийслэл хотын замын түгжрэлийн асуудлыг давхар шийдэх ач холбогдолтой “Богд хан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Уг төслийн судалгааны ажилд Азийн хөгжлийн банкнаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 550 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг олгох гэнэ. Энэ ажлын хүрээнд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Манлайбаяр, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Шарад Саксена нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Шинэ төмөр замын суурь бүтэц болох Богд хан төмөр зам нь Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбогдох юм байна. Улаанбаатар хотын дундуур өнгөрч байгаа 35 км төмөр замыг хотын нийтийн тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэг /рэйлбус/-ний үйлчилгээг улам өргөжүүлэх боломжтой болно гэв. Түүнчлэн энэ замаар ОХУ-аас Хятад руу явж буй галт тэрэг дайран өнгөрөх гэнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ