“Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчид жагслаа

МХЕГ-аас нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон захуудын орчин нөхцөлд шалгалт хийсэн.

Шалгалтын дүнд “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн хэсгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон юм. Учир нь тус захад худалдаалагдаж байсан хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчилтэй, наад захын шаардлагыг хангасан нэг ч чингэлэг байгаагүй, импортын барааны хаяг шошгын зөрчил нэлээд илэрсэн аж.

Тухайн үед энэ талаар захын удирдлагуудаас тодруулсан ч тодорхой хариулт өгөөгүй юм. Шатсан хүнсний барилгын оронд байгуулагдах шинэ төвийг ашиглалтад ортол ямар ч арга байхгүй гэж байв.

Харин өнөөдөр “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчид өөрсдийн амьжиргаагаа залгуулдаг ажлын байраа алдаж байгаадаа бухимдаж жагсаал зохион байгууллаа. Тэдний цаана ар гэрийнх нь олон хүн хохирч байгаад эгдүүцэж,“Төр засаг энгийн худалдаа эрхлэгчдийг дарамтлахаа зогсоо”, “Бид ажлын байртайгаа үлдмээр байна” гэх зэрэг лоозонгууд барин ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ