Богд хан уулын урдуур төмөр зам барих төслийн санхүүжилт шийдэгдлээ

“Богд хан төмөр зам” төсөлд Азийн хөгжлийн банкнаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох, 550 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар судалгааны ажлыг эхлүүлэхээр боллоо.

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Манлайбаяр, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Шарад Саксена нар өнгөрөгч баасан гарагт ЗТЯ-нд гарын үсэг зурлаа.

Уг төслийг Зам, тээврийн сайд А.Гансүх хоёр жилийн өмнө Богд хан уулын урдуур төмөр замын суурь бүтэц барих бүтээн байгуулалт хэрэгжүүлэхээ хэлсэн. Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Богд хан уулын өвөрт байрлах Төв аймгийн Хөшгийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох шинэ төмөр замын суурь бүтэц болох Богд хан төмөр замыг барих юм. Ийнхүү энэ төсөл санхүүжилтаа авснаар хотын замын хөдөлгөөний ачааллыг багасгах бас нэгэн хөшүүрэг болж байна.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ