Хоолоо сойх уу, халаасаа сэгсрэх үү

Олон улсын тодотголтой цор ганц худалдааны төвийн өргөтгөл болох хүнсний бөөний зах үүдээ бариад байгаа. Учир юу гэвээс, МХЕГ-ын гурван хоногийн хяналт, шалгалтын дүн хангалтгүй, муу гарсан. Тус захад хүнсний бүтээгдэхүүн хадгалдаг нийт 402 чингэлэг бий. Тэдгээрийн нэг нь ч стандартын шаардлага хангах энгийн даваагаа давж чадсангүй. Өөрөөр хэлбэл, тэнд хадгалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнүүд халуунд халж, хүйтэнд хөлдөж та бидэнд хор болоход байнгын бэлэн байдалд байдаг гэнэ шүү. Чухамхүү нян, бактери гэгч өчүүхэн жижиг шимэгчүүдийн амьдралд хөл тавих анхны ертөнц нь тэнд л бүрэлдэж байна гэнэ.

Үүнийг МХЕГ гэдэг ангуучид илрүүлж, бичил биетүүдийн амьдралын таатай орчинд заналхийлэх болов. Харин тэднийг тэжээн тэтгэгч захын захиргааныхан болон түрээслэгчид ангуучдын ажлыг эсэргүүцэн жагсаал хүртэл хийж эхэллээ. Угтаа хүмүүс авч л байвал тэдэнд хоол хүнсэнд ямар амьтан байгаа нь хамаагүй бололтой. Нүд улаан, мөнгө цагаан гэдэг л энд харагдаж байна.

Тиймээс ч өнөөх бичил мангасууд захаас дэлгүүр, ТҮЦ-ээр дамжин хоол хүнстэй хамт хүний биед шингэн өсөн томорч өвчин, бүр үхлийг ч дагуулах шидтэй болдог. Энэ нь эрүүл мэндийн салбарт хүртэл хөрөнгө оруулалт болж өгдөг. Ийм өргөн цар хүрээтэй үйл хэргийг эрх бүхий байгууллагын ангуучид таслан зогсоох нь зөв үү, буруу юу. Ард түмнийхээ эрүүл мэндийг бодох юм бол ямар ч маргаангүй зөв. Амьжиргаагаа олдог захын түрээслэгчдийн амьдрал ахуйг нь бодохоор бас л хэцүү.

Үүнийг өөр өнцгөөс харъя. Бичил айдсаас болоод захын өргөтгөл хаагдсанаар ямар ашигтай тал байж болох вэ. Бөөний барааны эрэлт ихсэнэ. Нарантуулын хүнсний бөөний захын барааны үнэ бусдаас харьцангуй хямд. Тэгвэл худалдаачид барааныхаа үнийг нэмэх шалтаг болох боломжтой.

БЗД-ийн 23-р хорооны зургаан нэрийн хэд хэдэн дэлгүүрийн эздээс энэ талаар тодрууллаа. Тэд дээрх асуудалтай холбоотойгоор барааны үнэд өөрчлөлт орох болов уу гэсэн асуултад бүгд үгүй гэж хариулсангүй. Түүнчлэн захаас авсан бараанууд хөлдөж, муудах асуудал байдаг нь үнэн гэдгийг ч баталж байв. Тэгвэл эрүүл мэндийн хувьд айдасгүй ч халаасаа сэгсрэх бас л нэг хямралд учрах нь. Энэ бүхний эцэст хэрэглэгч бид дахиад л хохирогч болж үлдэхээр байна. Ходоод гэдсээ гамнах уу, олсон зоосоо хэмнэх үү гэсэн гарцаагүй сонголт ард түмэнд үлдэж байна даа. Бид буурай хөгжилтэй Монгол улсын зүдрүүхэн амьдралтай ард түмэн шүү дээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ