Д.Лхагва: Хэн нь хулгайлаад сайт дээр тавьчих бол гэж хүлээхээ больё

Дуулахаасаа илүүгээр кино урлагт хүч үзэж байгаа “Guys” хамтлагийнхан өөр өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн олон сайхан кинонд тоглож байгаа. СУИС-ийн кино найруулагчийн ангийг төгссөн болохоор тэд кино продюссерлох, найруулах ажилд ханцуй шамлан орсондоо сэтгэл хангалуун байдаг гэнэ. Хамтлагийн дуучин Д.Лхагваатай ярилцлаа.


-Саяхан “Дурлалын гэмт хэрэг” киногоо олны хүртээл болгосон. Үзэгчид хэрхэн хүлээн авсан бэ?

-Миний дотроо тооцоолж байснаас хавьгүй сайхан хүлээж авсан. Манай нэг дүүг үзэж байхад хажууд нь нэг хос кино үзэх гэж байна гэнэ. Эмэгтэй нь болохоор Дурлалын гэмт хэрэг үзнэ гээд, эрэгтэй нь Монгол кино үзэж яадаг юм гэсэн байгаа юм. Тэгээд эмэгтэй нь дийлээд манай киног үзсэн байж. Гэтэл нөгөө залуу кинондоо автаад, уйлаад, сэтгэл нь хөдлөөд гарсан гэсэн. Монгол кино үзэж яадаг юм гэсэн тэр сэтгэхүйг өөрчилсөн сайхан кино болж чадсан. Маш их баяртай байгаа.

-Танай кино юугаараа онцлог болсон юм бэ?

-Дурлалын гэмт хэрэг киноны хөгжмийг “ Никитон” хамтлагийн Бачка ах зохиосон. Энэ кино маань хөгжмийн, зураг авалтын, тоглосон жүжигчдийн, зохиолын хувьд шинэлэг болсон.

-Киногоороо юуг харуулахыг хүссэн бэ?

-Хайр дурлалын үнэ цэнийг л харуулахыг хүссэн. Үнэнхээр л хайртай юм бол хайрынхаа төлөө яаж зүтгэх ёстой юм бэ гэдгийг. Би чамд хайртай гэчихээд тэмцэж чадахгүй замаасаа буцахдаа биш, бүхнээ зориулаад өөрийн болгож чадах хэрэгтэй. Урлаг нийгмийнхээ түрүүнд алхах ёстой гэдэг шүү дээ. Тийм учраас бид түрүүнд нь алхаж нийгэмд болохгүй байгаа зүйлсийг арилгахын төлөө явж байна. Манай нийгэмд хайр гэдэг үг ямар ч үнэ цэнэгүй болчихсон. Юу байна гэдэг шиг жижүүрийн үг болчихож. Хайр гэдэг тийм хөнгөхөн эд биш. Маш үнэ цэнэтэй, нандин зүйл шүү гэдгийг уриалан дуудмаар байна.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө ямар байгаа вэ?

-Энэ киногоо хийгээд удаагүй байгаа болохоор одоохондоо яг хийж эхэлсэн уран бүтээл байхгүй. Зөндөө олон киноны санал ирсэн байгаа. Энэ дундаас өөрийнхөө хийчихэж чадахаар киногоо сонгоно. Ер нь зохиолтойгоо сайн танилцана гэж боддог. Манай “LVA” энтертайнментаас барьж байгаа чиглэл бол кино.

-Уран бүтээлчдийн хийсэн кино, дуу, клипийг хууль бусаар хуулбарлан зардаг шүү дээ. Энэ тал дээр та юу бодож явдаг вэ?

-Уран бүтээлчид, дуучид СD-гээ зармаар байдаг. Гэтэл хүмүүс аливаа уран бүтээлийг сайт дээр тавигдахаар нь татаж авах гэж хүлээдэг болсон байна. Уран бүтээлчид бид үзэгчдийнхээ сэтгэл санаанд нийцүүлэх гээд , гоё харагдаасай, гоё хадгалаасай гээд дизайн хийж байна. Оргинал юм цаанаа л чанартай байдаг шүү дээ. Хүний уран бүтээлийг хуулсан хулхи CD г авч сонссоноос жинхэнийг нь аваад сонсвол дуугаралт нь ямар гоё гэж санана. Шал өөр сонсогддог шүү. Би ч гэсэн энэ киногоо олон хүнд үзүүлчихмээр байна. Гэтэл манайхан хэн нь удахгүй хулгайлаад сайт дээр тавьчих бол гээд хүлээгээд байхаа больмоор байна. Яахав дээ зургаан мянган төгрөг шүү дээ. Тийм л зүйлийг хүсч байна уран бүтээлч бид.

-Guys хамтлагийг эргээд нийлэх гэж байна гэж сонссон?

-Нийлэх ч юу байхав. Бид тусдаа өөр өөрсдийн уран бүтээлээ хийгээд явж байгаа. Бүгд мэргэжлийн жүжигчид. Гэхдээ нийлээд нэг тоглолт хийнэ гэсэн санаа байгаа шүү. Манай хамтлаг байгуулагдаад 16 жил болжээ. Фенүүд маань ч хүлээлттэй байдаг байх.

-Хэдийгээр юм бол?

-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Хувьсгалын тохироо бүрдэхээр тоглочих байх аа.

“Сайн уу амьдрал минь” киноны хоёрдугаар ангийг хийх гэж байгаа гэсэн. Энэ талаар яриач?

-Одоогоор би тийм зүйл бодоогүй байна. Манай бусад гишүүд тийм санаа гаргаж байгаа юм шиг байна лээ. Тэр талаар ярилцаагүй байгаа.

-Хамтлагийнхантайгаа ойр дотно байдаг уу?

-Биднийг дөрвүүлээ ч юмуу, тавуулаа ч юм уу гэж хүмүүс гайхдаг байх. Бидний ард олон хүн бий. Тэр бүхэндээ дотно сайхан харилцаж, анд нөхөр болж яваа болохоор л би өдийд ийм сайхан яваа гэж боддог.

-Танд ямар зантай эмэгтэй таалагддаг вэ?

-Цэвэрхэн, гоё хувцасладаг. Хамгийн гол нь ухаантай, өөрийн гэсэн чамин стильтэй. Эр хүнийг маш сайн ойлгож хүндэлдэг байх ёстой.

Ямар хөгжимд дуртай вэ?
-Гитар, хийл хөгжимд дуртай.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Кино, жүжиг үзэх дуртай даа.

-Анх дуулж байсан Лхагваа, өнөөгийн продюссер Лхагваа хоёрын ялгаа?

-Яг хэвээрээ. Хэн байсан тэр л янзаараа. Дуулах дуртай. Хаа ч явсан амандаа дуу аялж явдаг нэгэн хөөрүү, дэврүүн сэтгэлтэй залуу тэр хэвээрээ л байна.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ