Монголчуудын амьдралыг өөрчилж буй "5"

Цаг хугацаа өнгөрөхийн хирээр Монголчуудын амьдрал хувьсан өөрчлөгдөж, нийгмийн амьдралд томоохон эргэлт гарч байна. Та бид өдөр тутмынхаа ажил, хичээлд дарагдан энэ хэдхэн жилд бидний амьдралд онцын өөрчлөлт гарсангүй дээ, нэгэн хэвийн л өнгөрлөө хэмээн бодож суугаа юм биш биз. Тэгвэл 2009 оноос 2014 оны хооронд таван жилийн хугацаанд монголчуудын амьдралд хамгийн их өөрчлөлт оруулж байгаа таван зүйлийг нэрлэцгээе гэсэн бол та юуг нэрлэх байсан бол. Харин сэтгүүлч миний бодлоор дараах таван өөрчлөлтийг нэрлэж байна.
Ухаалаг утас
Наад нэг юмаа ширтээдхүнтэй ч таван үг сольчихгүй юм гээд л хөгшчүүл загнаж байгаа биз.
Заримдаа энэ нэг юмаа больчихоосой, ганцаараа утастай нь юм шиг гэмээр хүмүүс тааралдана. Монголчууд хүн төрөлхтөний нэгэн адил ухаалаг гар утастай салахын аргагүй нөхөрлөж байна.
Хүүхэд балчраас авахуулаад хөгшид хүртэл ухаалаг утас хэрэглэж байна. Залуусыг бол бүр ч түүнгүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг та хотын гудамжаар, автобус унаа, ажил хичээл дээрээс нь харж болно.
Олон нийтийн сүлжээ
Монголчууд өдөр ирэх тусам техник технологийн хэрэглээг өргөн ашигладаг болж. Ялангуяа сошиал медиа буюу олон нийтийн цахим ертөнцөд нэгдэж, өдрөөс өдөрт монгол хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэж байна.
Монголын фэйсбүүк хэрэглэгчдийн дийлэнх хувийг 18-34 насныхан эзэлдэг гэсэн тоо баримт бий. Мөн бас нэг баримт дурдахад 2013 онд хийсэн судалгаагаар манай улс фэйсбүүк хэрэглэгчдээрээ 118-р байрт жагсаж байсан бол арван сарын дараа 106-р байранд жагсжээ. Тэгэхээр өнөөгийн хүмүүсийн амьдралын хэвшмэл хэв маягийг эвдэж, өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон зүйл бол яах аргагүй интернет орчин, фэйсбүүк, твиттер болжээ.
Монгол кино
Монголын кино урлагийн салбар энэ хугацаанд маш эрчимтэй хөгжиж байгааг дурдахгүй байхын аргагүй. 2009-2014 онд киноныхон зөвхөн нэг ангит уран сайхны кино гэлтгүй, телевизийн олон ангит кино, инээдмийн хошин цуврал кино, баримтат кино зэрэг төрөл төрлөөр хамтын уран бүтээл хийдэг болсон нь сүүлийн таван жилд гарсан онцлог, өөрчлөлт ихтэй салбарын нэг гэдгийг илтгэнэ.
Энэ хэрээр үзэгчдийн тоо ч мөн нэмэгдсээр байна.Гэхдээ киноны чанар чансааны талаар энэ удаад өгүүлэлгүй хойш тавья. Ямартай ч сүүлийн таван жилд сайн, муу олон бүтээлийг төрүүлэн гаргасан салбар бол дэлгэцийн урлагийнх байлаа.
Монголчууд илүү
Нэгэн цагт Чингис хаан болон түүний бидэнд үлдээсэн агуу уудам эх орон, байгалийн баялгаасаа өөр бахархаж омогших зүйлгүй шахам монголчууд одоо бидний бахархал болсон олон олон “Чингис”-үүдтэй болжээ.
Тэр бол тамирчид маань. Монголчууд олимпийн аваргатай ч боллоо, дэлхийн аваргууд ч шил шилээ даран төрж олон спортод тив дэлхийд ширүүн өрсөлдөж байна.
Жил ирэх тусам хуучин амжилтуудаа шинээр тогтоож байна. Арлын Японы 121 сая хүмүүсийн дундаас төрөн гарсан сүмочид олон жилийн турш манай бөхчүүдэд сөхөрч байна. Чөлөөт бөх, жудо, бокс, буудлагаас дутахгүй амжилтыг оюуны спортын тамирчид маань үзүүлж байна. Долоохон настай монгол охин шатрын дэлхийн аварга боллоо. Багийн спортоор ч бид амжилт гаргаж болохыг сагсан бөмбөгчид дэлхийд харуулж чадлаа.
Үүгээр ч үл зогсон дугуй, марафон, таеквонда, софт теннис, зэрэг спортууд Монголд хөгжиж байна, удахгүй энэ төрлүүдэд ч алзахгүй гэсэн сануулгыг өгч чадсан. Монголчууд хүч тамирын спорт, оюун ухааны бүхий л спортын төрлөөр монгол хүний төрөлхийн дайчин эрэмгий, тэвчээртэй зангаараа илүүрхэж, хэн гэдгээ дэлхийд харуулж, гайхуулж чадаж байна. Монголчууд илүү, илүү.
Гадаад харилцаа
Энэ салбарт манай орны хувьд харилцааны шинэ түвшинд гарч ирсэн жилүүд байлаа.
Ялангуяа дэлхийн геополитикийн бодлогын гол тоглогчид болох БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн айлчлал, гуравдагч хөршүүдийн харилцаа, НҮБ-ын индэр дээрх төрийн тэргүүний зангарагтай үг зэрэг нь манай орныг бүс нутгийн төдийгүй дэлхийн нийтийн анхаарал татсан тоглогч болж буйг харуулж байна.
Мөн анх удаа дэлхийн ардчилсан 104 орнытөлөөлөгчдийн чуулган зохиогдсон.
Зөвхөн улстөрийн хүрээнд л гадаад харилцаа өргөжсөн гэж ярих нь учир дутмаг. Эдийн засаг, боловсрол, соёл, спортын салбарт ч мөн гадаад харилцаа хаалгаа нээсэн. Дэлхий нийтийг байлдан дагуулж буй к-поп урсгалын хамтлаг, английн алдарт хамтлагууд манай Монголд ирж тоглолтоо хийж байгаа нь монгол дэлхийд өөрийн гэсэн талбарыг бий болгож байгааг харуулж байна. Монгол оюутнууд гадаадын сургуульд солилцооны хөтөлбөр, тэтгэлгээр сурах болсон, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэх мэт гадаад харилцаа сүүлийн таван жилд эрчимтэй өөрчлөгдсөн салбар байлаа.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ