Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл боловсруулжээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулахаар Зам, Тээврийн яамнаас санаачлан “цахилгаан товчны дараалал”-ын аргачлалаар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой төсөл боловсруулаад байна. Замын зорчих хэсэг нарийсч, явж байсан эгнээ нь хасагдаж буй тээврийн хэрэгслүүд эгнээ солих боломжгүй болж, зэрэгцээ эгнээний тээврийн хэрэгслүүдийг явж дуустал хүлээх, эсвэл дүрэм зөрчих хэрэг гардаг.

Мөн төв замтай нийлж байгаа ачаалал ихтэй, уулзвар гарах дараалал тогтоогоогүй уулзварт баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгслүүдэд уулзвар нэвтрэхэд хүндрэлтэй байдаг. Эдгээр асуудлуудыг "merge like a zip” буюу цахилгаан товч мэт нийлэх тэмдгээр зохицуулах боломжтой гэнэ.

Нийслэлийн замын хөдөлгөөний дундаж хурдны суурь төвшинг 2015 онд 30 км/цаг, 2020 онд 45 км/цагт хүргэхээр тодорхойлсон бөгөөд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулахаар ЗТЯ-наас тогтоолын төсөл боловсруулжээ. Дүрэмд өөрчлөлт оруулахаар холбогдох яамдаас санал авсан бөгөөд тун удахгүй Засгийн газарт танилцуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ