А.Отгонбаатар: Намайг яг л Н.Энхбаяр шиг өргөөд гаргачихсан

“Монголын оюутны холбоо”-ны ээлжит XIII чуулган энэ сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт болсон. Гэтэл “Монгол залуу хүн” ТББ-ынхан энэхүү хурлыг хуйвалдаан болсон гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тус байгууллагаас “Монголын оюутны холбоо”-ны удирдлагад нэр дэвшин оролцох байсан А.Отгонбаатарыг чуулганд оруулаагүй аж. Тэрээр “Чуулган болсон байрыг 40 гаруй цагдаа, цэргийнхэн хамгаалалтад авчихсан байсан.

Зааланд нэвтрэх боломж байгаагүй. Чуулганд оролцсон залуус үг хэлэх бүү хэл бие засах эрхгүй, гаднаас хүн оруулъя гэж дуугарсан хүнийг хөөж гаргана гэсэн дарамтад байсныг би мэдсэн. Хүн хөөгдөж ч гарсан.

Нэр дэвшсэн намайг оруулаагүй. Элдэв арга саамаар арайхийж ортол яг л ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шиг тэврээд гаргачихсан” гэлээ. Дээрх ТББ-аас МОХ-ны удирдлагууд намын эрх ашгийн төлөө бус оюутныхаа гар хөл болж ажиллаасай гэдгийг хүсэж байгаа гэнэ.

Нэр дэвшигч А.Отгонбаатар нь угтаа олон нааштай саналыг дэвшүүлж, өргөдөл өгсөн ч хариуг нь өгөлгүй ийнхүү чуулганаас хасжээ. Түүний хэлж буйгаар оюутны байр хүрэлцэхгүй байгаа гэдэг нь худал. Учир нь тэнд МОХ-нынхон гэр бүлээрээ амьдарч байгаа учраас хүрэлцээ муутай байгаа гэлээ.

Мөн одоогийн ашиглаж байгаа оюутны карт нь 6500 төгрөгийн үнэтэй бөгөөд оюутны үнэмлэх, номын сангийн үнэмлэхийг орлож чадахгүй, зөвхөн наалт наах зориулалттай юм байна. Тэгвэл нийтийн тээврээр зорчих картыг огт үнэ төлбөргүйгээр хэвлэж өгөх боломжтой гэдгийг дээрх ТББ-ынхан хэлсэн юм.

Тус байгууллагын тэргүүн А.Отгонбаатар нь энэхүү ажлыг ХААИС-ийн оюутнуудад зориулж ХААН банктай хамтран амжилттай зохион байгуулж ирсэн тул холбооныхоо удирдлагад сонгогдож ажиллах ёстой хэмээн үзэ гомдолтой байгаагаа энэхүү хурлаар дамжин илэрхийллээ.

Угтаа бол оюутны чуулган нь 170.000 оюутны төлөөллийг хоёр жилд нэг цуглуулж оюутны хөгжил, эрүүл мэнд, сурах орчин, тэтгэлэгт хөтөлбөр, тэдний эрх ашгийн тухай хэлэлцэх ёстой ажээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ